Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2023.07.19) болж, өвөлжилт болон хаваржилтын бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар хэлэлцсэн.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьсан “S Outlet” дэлгүүр, “Аква гарден” хороолол буюу олны нэрлэж буй “Авлига хороолол” зэргийг нураах ёстой” гэж хэлсэн байна.

Тэрбээр наадмын өмнө Улаанбаатар хотод олон хоног үргэлжилсэн бороо орж, нийслэлийн зарим бүс үерт автсан хэсэгт ажиллаж, “Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах” үүрэг өгсөн юм.

Сануулахад, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд “Эм энд жи констракшн” ХХК болон “Бүти” ХХК гэх хоёр компани Хан-Уул дүүргийн XV хороо, Энхтайваны гүүрний зүүн талд Дунд голын эрэг дагуух 11.8 га газар дээр “Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажилладаг усан парк барина” гэж газрын зөвшөөрөл авсан байдаг.

Гэвч өдгөө тус газар дээр 24 давхар, долоон блок барилга бүхий 1200 айлын “Aqua garden” гэх хороолол баригдаж, улмаар олны хэл амны бай болж, шүүх цагдаадаа тулсан хэрэг мандсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлига хороолол” гэж нэрлэсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу