Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө Окландын төвд олон удаа буун дуу гарав. Шинэ Зеландын Норвегитэй хийх тоглолтыг үзэхээр тус хотод олон мянган хүн цугларсан үед ийм хэрэг гарсан нь Шинэ Зеландын аюулгүй байдлын албаныхныг ихэд бухимдахад хүргэсэн байна.

Тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс яаралтай хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, дээрх халдлагын талаар мэдээлэл өгч, зэвсэгт этгээдтэй нийлээд гурван хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан тухай мэдээллийг баталсан байна.

CNN агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд хоёр хүний аминд хүрсэн бөгөөд цахилгаан шатнаас амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Тэрээр 24 настай бөгөөд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нэгэн аж. Оршин суугчдын мэдээлснээр, тэр сэтгэл санааны хувьд тогтворгүй төдийгүй хорионд байжээ.

Крис Хипкинс “Тэмцээн хуваарийн дагуу явагдана. Өнөө орой Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх тул олон хүн Окландад анхаарлаа хандуулах нь дамжиггүй. Засгийн газар өнөө өглөө ФИФА-гийн зохион байгуулагчидтай ярилцсан. Бүх тоглолт хуваарийн дагуу үргэлжилнэ” гэж мэдэгджээ.

ШАГНАЛЫН САН НЬ 30-110 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ, БАРАГ ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 2023 оны ДАШТ-д нийт 32 баг өрсөлдөнө. 1991 онд болсон эмэгтэйчүүдийн анхны ДАШТ-д нийт 12 баг, 1999 онд 16, 2015 онд 24 болж оролцож байжээ.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын шигшээ баг, дэлхийн хошой аварга германчууд, дэлхийн аварга Норвеги, Японы шигшээ багууд, түүнчлэн өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний аварга Английн шигшээ баг, Америкийн цомыг хүртсэн Бразилын баг, Африкийн үндэстнүүдийн цомын эзэн Өмнөд Африкийн шигшээ баг, Азийн цомыг хүртсэн Хятадын шигшээ баг зэрэг шилдэг багууд өрсөлдөх юм.

Шинэ Зеланд болон 1995 оны аварга Норвегийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх ДАШТ-ий хэсгийн тоглолт наймдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Плей-офф буюу хасагдах шатны тоглолт ирэх сарын 5-нд эхлэх бол шувтаргын тоглолтыг “Сидней” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дөрвөн жилийн өмнөх тэмцээнтэй харьцуулахад шагналын сан нь 30-110 сая ам.доллар болж, бараг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Хэсгийн тоглолтын хуваарь

            А хэсэг: Шинэ Зеланд, Норвег, Филиппин, Швейцар

            В хэсэг: Австрали, Ирланд, Нигери, Канад

            C хэсэг: Испани, Коста-Рика, Замби, Япон

            D хэсэг: Англи, Дани, БНХАУ, Хаити

            Е хэсэг: АНУ, Вьетнам, Нидерланд, Португал

            F хэсэг: Франц, Ямайк, Бразил, Панам

            G хэсэг: Швед, ӨАБНУ, Итали, Аргентин

            H хэсэг: Герман, Марокко, Колумби, БНСУ

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу