АНУ-ын цэрэг Травис Кинг хоёр хоногийн өмнө Умард Солонгосын хилийг зөрчсөн хэрэг гарсан. Өдгөө түүний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа тул АНУ санаа зовниж байгаагаа Пүрэв гаригт илэрхийлээд, Пёньян олзлогдсон америкчуудтай зүй бусаар харьцаж байсан түүхтэйг мэдэгджээ.

АНУ-ын Армийн нарийн бичгийн дарга Кристин Вормут энэ хэргийн талаар олон нийтэд анх удаа тайлбар өгөхдөө Вашингтон Пёньянтай, тэр дундаа НҮБ-ын харилцаа холбооны сувгаар холбогдохыг хичээж байгаа талаар хэлсэн байна.

Хойд Солонгос одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирүүлээгүй гэж албаныхан мэдэгджээ.

Хэрэг гарах үеэр цэрэг Травис Кинг Өмнөд Солонгосоос хөөгдөөд нутаг буцах гэж байжээ. Нисэх буудлаар нэвтрэх үедээ Кинг гэнэт хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсийг үзэхээр явсан бүлэг жуулчдын дунд орсон байна. Эл бүс нь дэлхийн бөмбөрцгийн 38 дугаар өргөргийн дагуу хоёр Солонгосыг хуваасан албан бус хилийн шугам юм.

Гэрчүүдийн мэдээлснээр, энгийн хувцастай Кинг чанга инээснээ хилийн шугамыг чиглэн гүйжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин байлдагч эр ямар нэг зөвшөөрөлгүй, санаатай хил давсан болохыг хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн.

Тэр “Үйл явдал болоод удаагүй байгаа тул бидэнд мэдээгүй зүйл их байна. Гэхдээ манай алба хаагчдын нэг аяллынхаа замаас хазайж, санаатайгаар, ямар нэг зөвшөөрөлгүйгээр хилийн шугам давсныг бид мэдэж байна” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдээлснээр, Төрийн департамент энэ асуудлаар Умард Солонгосын талтай холбоо бариагүй, Пентагон өөрийн сувгаар харилцаж байжээ.

Оргосон байлдагч Умард Солонгос руу зугтсан нь Вашингтон, Пёньяны хоорондын харилцаанд ноцтой асуудал үүсгэх нь тодорхой гэж ажиглагчид дүгнэж буй юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу