Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “2021 онд Эрдэнэс тавантолгой ХК-ийн ашиг 190 гаруй тэрбум байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт 1072 хувьцааны ногдол ашиг тараахад нэг хүнд 15 мянган төгрөг оногдож байсан. Харин 2022 оны хувьд компанийн ашиг 110 гаруй тэрбум төгрөгөөс иргэдэд ногдол ашиг олговол 10 мянга гаруй л төгрөг болж байгаа юм. Үүнд иргэд хувьцаа олгох нь тийм ч өндөр ач холбогдолтой биш. Харин ч эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үнийн хөөрөгдөлд орох тул цаашдаа компанийн хувьцааг илүү үнэ цэнэтэй болгох асуудал дээр ач холбогдох өгөх нь зүйтэй юм” гэж мэдэгдэнэ лээ. Зөв л дөө.

Өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж “ул”-ны зэрэглэлд амьдарч буй иргэдэд хувьцааны ногдол ашгаас илүү үнийн хөөрөгдлийг зогсоох, ажлын байрыг нэмэгдүүлэх нь хамгийн зөв алхам болж таарна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ногдол ашиг тараах нь буруу гэдгээ хэлсэн. Тэгвэл ямар ашигтай хувилбар байгаагаа мөн зарлах нь зөв байна. Хулгай нүүрлэсэн манайх шиг улсад 110 тэрбум төгрөг эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар урсаад өнгөрөх эрсдэл өндөр. Уг нь юм хийдэг хүнд “хөөрхөн” юм хийчих л мөнгө. Хурган даргын сейфнээс 10 тэрбумаараа олддог улсад 11 хурган даргын гэрт хэвтэж байгаа “цаас”.

Тиймээс уг мөнгийг ямар үр ашигтай төсөлд, ямар бодлогоор хааш нь зарцуулах гэж байгаагаа ил тод мэдэгдмээр байна. Бид мэдэхгүй бол нэг л өдөр хулгайн замаар орж мэднэ. Хулгайн араас мөрдөж мөшгиж хамаа бүтээн байгуулалт, хөгжлийн төлөөх алтан цагаа үрмээргүй байна. Хэзээ үр ашгаа бодитоор өгч эхлэх, хэзээ иргэдийн амьдралд нэмэр болох ногдол ашиг авах хүртлээ ил тод нээлттэй мөнгөө зарцуулах хэрэгтэй. Түүнээс биш эрх баригчид зүгээр үрчихэж болохгүй. Тэдэнд тийм эрх ч байхгүй.

2021 оны ногдол ашгийн мөнгөөр төмөр зам барьсан. Х.Баттулга, У.Хүрэлсүх л төмөр замын бүтээн байгуулалтын автор болчихоод байгаагаас биш Монголын ард түмний аваагүй ч төмөр зам барихад гар таталгүй өгсөн хувьцааны ногдол үр шим юм шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн хүн бус Монголын ард түмэн төмөр замыг бариулах санхүүжилтыг босгож өгсөн байгаа биз. Гэтэл одоо Зүүнбаян-Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтууд нь маш их хулгайтай байсныг хуулийн байгууллагууд шалгаж байна. Ард түмний мөнгөнөөс эрээ цээргүй хулгай хийсэн хүмүүс шалгагдах болохоороо монголоос зугтчихдаг байж болохгүй. Тухайлбал, Х.Баттулга байна. Наанаа гоё имиж бүрдүүлсэн ах малгайтай цамц, саравчтай малгай духдуулж аваад хилийн дээс алхсан. Ногдол ашгийн мөнгөөр гараа угаасан Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал шалгуулахаасаа айгаад эх орондоо ирж чадахгүй хагас жил болж байна. Ийм байдлаар хувьцааны ногдол ашгийг үрэн таран хиймээргүй байна. Араас нь эрэл сурал болж, идэж уусан хулгайч нараа хаймааргүй байна, Д.Амарбаясгалан сайд аа.

Эрдэнэс Тавантолгойн 18.44 хувийг иргэд 1072 ширхэг хувьцаагаараа, 81.5 хувийг төр, 0.06 хувийг ААН-үүд эзэмшдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Тэгэхээр төрийн мэдлийн хувь ч мөн ард түмний мэдэлд байгаа биз. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг улсад эзнийх нь өврөөс баялгийг нь хулгайж болохгүй. Ногдол ашгаас нь хулгай хийдэг байж хэрхэвч таарахгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар 110 тэрбум төгрөгийг хааш нь зарцуулах гэж байгаагаа даруй мэдэгдвэл яасан юм бэ.

Э.БОЛД