Хакерууд АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Николас Бөрнс болон Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниел Критенбринк нарын цахим шууданд халдаж, тус улсын Засгийн газрын олон зуун мянган мэдээлэлд нэвтэрчээ. Энэ тухай “The Wall Street Journal” Пүрэв гарагт мэдээлэв.

Уг хэвлэлд “Хакерууд Хятадын эрх баригчидтай холбоотой” гэж мэдээлсэн байна. Улмаар хакеруудын халдлага АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын Хятадад хийх сүүлийн цуврал айлчлалын талаарх Вашингтоны төлөвлөгөө, АНУ-ын Хятадын талаар баримталж буй бодлогын талаар мэдээлэл авах зорилготой байсан гэж үзжээ.

Хакеруудын нэвтэрсэн, Засгийн газрын мэдээллүүдийн тоог ойролцоогоор гаргасан бөгөөд нэмэгдэж магадгүй гэж мэдээлсэн байна.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч энэ талаар тус сонинд мэдээлэхдээ “Аюулгүй байдлын үүднээс бид кибер аюулгүй байдлын зөрчлийн шинж чанар, цар хүрээний талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Албаны хүн “Холбогдох хэлтэс сүлжээн дэх сэжигтэй үйлдлийг байнга хянаж, хариу арга хэмжээ авч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж онцолжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу