Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр (2023.07.23) төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эх орны дөрвөн зүг найман зовхист үүрэг гүйцэтгэж буй мянга мянган хилчдийн ариун үйлсийг дархалсан бахархам нэгэн үйл явдал. Төв цэнгэлдэх хүрээлэнд сул сандал ганц ширхэг ч үлдээгүй бөгөөд хөл хөдөлгөөн нь наадмын дайтай байсан юм.
Хүрээлэнгийн гадна талбайд ёслолын жагсаалд оролцох машин техникийн цуваа жагссан байх ба ёслолын үлээвэр найрал хөгжим эгшиглэснээр үйл ажиллагаа эхэлсэн юм. “Анхаараарай! Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Монгол Улсын дархан хил тайван байна” хэмээн хөтлөгчийг зарлахад ёслолын жагсаалын баруун талаас задгай машин дээр залсан ХХЕГ-ын байлдааны аранзал улаан туг салхинаа намирсаар талбайн төвд заларлаа.
Нээлтийн марш эхэлмэгц талбайн голоос ХХЕГ-ын командлагчид илтгэл өргөн албан ёсоор ёслолын жагсаалыг эхлүүлсэн юм. Үзэгчид, хилчид, тэдгээрийн ар гэр ёслолын жагсаалыг “Ура” түрэн мэндчилэхэд алга нижигнүүлэн ташиж уухай нэмэн түрлээ. Энэ өдрийн үүлтэй тэнгэр дор хилчин баатруудын туг бадрангуйг илтгэн намирч, номхон командтай хилчнээс эх орны минь сүр хүч харагдах шиг санагдана. Энэхүү арга хэмжээнд  2000 гаруй хилчин дайчдын ёслолын жагсаал болон хил хамгаалалтад ашигладаг орчин үеийн техник хэрэгслүүдийн цувааг сонирхуулсан нь үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж буй нь алга ташилт, уухайн дуунаас бэлхнээ мэдэгдэж байлаа.
Мөн түүхт 90 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Хил хамгаалах байгууллагыг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Байлдааны тугт одонг зүүж хүндэтгэлийн байранд заллаа.
Эл нээлтийн сэтгэл огшоом үйл ажиллагаатай залган ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хилчдэдээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Бригадын генерал Х.Лхагвасүрэн хүндэт индрээс хилчдэдээ хандан хил хамгаалах байгууллагын түүхэн замналыг бэлдсэн цаас харалгүй ярьж олны анхаарлыг татаж байлаа. Бригадын Генерал Х. Лхагвасүрэн мэнчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” хэмээн хилчин яруу найрагч Пунцагийн Бадарч гуайн шүлгээс иш татав. Мөн МУГЖ, ХЦДБЧуулгын гоцлол дуучин Б.Ганчимэг гурван тенор дуучны хамт “Есөн эрдэнийн эх орон” дууг, мөн эмэгтэй хор дуучид “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дууг дууллаа. Үзэгчдийн суудлаас алга ташилт тасрахгүй байх бөгөөд ахмад хилчид нулимсаа арчиж суух нь харагдана. Эх орны торгон сэжүүрийг хамгаалах ариун үйлсийн үе үеийн төлөөлөл ийнхүү цуглаж он жилүүдийн түүх дурдатгалаа ярилцан өнжсөн нэгэн өдөр.
Дашрамд дурдахад, Хилийн албаны сургууль нь 1933 онд “Хязгаарын ба гүйцэтгэх ажилтны курс” нэртэйгээр байгуулагдсан мэргэжлийн боловсрол олгох манай улсын ууган сургуулиудын нэг юм. Анхны төгсөлтөө 1935 оны 07 дугаар сард зохион байгуулсан түүхтэй. 
Өдгөө ерэн жилийн түүх бүтээсэн эл байгууллагын анги салбарууд тэдгээрийн ар гэр, хилчин байлдагч, хилд үүрэг гүйцэтгэж явсан бүхэн цугласныг харахад эх орон минь хамгаалах дайчинтай, өмгөөлөх үрстэй ажээ.
“Ёслолын жагсаал. Номхон!” хэмээн командлахад анги нэгтгэлийн байлдааны туг ярсхийн дээшилж хилчин дайчдын харц мөн тийш зэрэгцлээ. Ингээд жагсаалын алхаагаар талбайн зүүн талаас эхлэн анги нэгтгэлүүд сүр хүчээ гайхуулан алхаж эхлэлээ. “Улсын сүр нь цэрэгтээ, Цэргийн сүр нь жагсаалдаа” хэмээн ярилцдаг нь үнэн болохыг гэрчлэх мэт ярс ярс хөл тавьсаар анги нэгтгэлүүд талбайд орж ирлээ. Ёслолын жагсаалд хилийн цэргийн ангиуд, техник хэрэгсэл, мөн Хилчин спорт хорооны тамирчид алхсан юм. Үзэгчид суудлаасаа босон өндөлзөж, тасралтгүй уухайлна. Үлээвэр найрал хөгжмийн марш бадрангуйг эгшиглүүлэн хэмнэл нэмжээ. Бахархсан, омогшсон сэтгэл нь зарим дайчдын нүднээс нулимс болон дусалж байлаа.
Эх орны дархан хилийн манаанд эдгээр дайчин эрс алхаж буй. Мөн эдгээрийн цаана ч яг энэ мөчид хилийн баганын дэргэд дайчид маань бий. Эл өдөр бол Эх орны тусгаар тогтнолын нэгэн том билгэ тэмдэг болсон Хил хамгаалах байгууллагын баярын өдөр, хилчин дайчин хүн бүхний баярын өдөр билээ.
А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу