Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр /2023.07.24/ 21 аймгийн Засаг дарга нартай цагийн үеийн асуудлаар цахим хурал хийж байна.

Энэ үеэр тэрбээр “Долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орлоо. Улмаар томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг давж, зарим газрууд үерийн далангаа давж хальсан.

Үерийн улмаас долоон иргэн амиа алдсан байна. Тодруулбал,

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд – 1,
  • Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд – 4,
  • Төв аймгийн Борнуур суманд – 2 иргэн амь насаа алджээ.

Мөн 600 гаруй айл өрхийн гэр байшин усанд автсан. 1,500 гаруй толгой мал хорогдож, усанд урссан.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын 10 орчим хэсэгт замын далан сэтэрч, эвдрэл гарсныг Улаанбаатар төмөр замын ажилтан албан хаагчид хоёр хоногийн дотор ажиллаж, засварласан. 

Иймээс цаашид мэргэжлийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллага хамтран үерийн хамгаалалтын далан, зам талбайн ус зайлуулах зориулалт бүхий инженерийн байгууламжид үзлэг шалгалт хийж, далан суваг шуудууны цэвэрлэгээг сайтар хийх хэрэгтэй.

Гол мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу