Түнжингийн хүү суллагдаж гэнэ хэмээн гол усаар л нэг яриа болж байна. “Хөөрхий минь Т.Бадамжунайг холын Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд аваад ирсэн юм гэнэ лээ, нас нь өндөр хүнийг яахнав” гэж сошиал даяар урсгасан нулимстай дуулиан. Эх орноосоо явахдаа УАЗ 469 машинд сууж хил даван, зургаан жилийн дараа Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд 70 насныхаа босгон дээр гартаа гавтай, нүдэндээ гунигтай “ачигдаж” ирсэн хүн яах аргагүй Т.Бадамжунай. Түүнийг эх оронд нь авч ирсэн цагаас хойш гурван сар түр саатуулсан ч түүнд хилийн хориг тавьснаар ар гэртээ харих боломжийг нь нээж өгсөн.

Ямартай ч Т.Бадамжунай бол цагтаа одоогийн МАН бүү хэл АН-ыг хувь заяаг зуралцдаг, томилгоо бүрд оролцдог, МАН-ын сонгуулийн мөнгийг босгож өгдөг гээд МАН-ын бүх юм түүнд хамаарч байсан цаг саяхан. Ямар сайндаа л “Загалмайлсан эцэг” гэж нэрлэж байхав дээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хоёр хэргээр шалгаж байсан бол АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа юм.

Жунай бүхнийг өчвөл МАН-ын их л олон дарга нар бултаараа дэнжигнэнэ. Үе үеийн намын дарга болон генсекүүд хуулийн байгууллагын үүдэнд чулуу нясалж суух хувь заяа хүлээж байгаа гэдгийг тэд мэднэ. Ямартай ч баяр наадмын өмнө олны анхаарал үе ус, наадамд чиглэсэн байх үед хилийн хориг тавьж сулласан.

Эрдэнэс Таван толгойн нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан экс захирал Б.Ганхуягийг “авдар”-т нь хийгээд найман сар болох гэж байна. Нүүрсний бизнес хийдэг хүн бүр түүнтэй уулзахыг хүсдэг байлаа. Төрийн хуралд оччихоод “Иймэрхүү юманд битгий миний цагийг битгий дэмий үрээд бай” хэмээн хаалга саван гарч оддог тийм л эхэрхүү, эрх мэдэлтэй байсан цаг саяхан. Нүүрсний гэрээ бүхэн түүний гараар орж, түүний дохиогоор зурагддаг хаан явлаа л даа. Гэхдээ Б.Ганхуягийн гэм буруугийн асуудал одоо болтол шийдэгдсэнгүй. Гэм буруутай эсэх нь ч тодорхой болоогүй байхад түүнийг найман сар хорьж шалгаж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа талаар зарим хуульчид хоорондоо шивэр авир хийх болов. Хүний эрхийн байгууллагууд ч хөдлөөд эхэлсэн гэх мэдээлэл байна. Тиймээс түүнийг батлан даалтад гарган шалгах ёстой гэж байгаа аж.

Уг нь ч нүүрсний хэргүүдийн хамаг зангилаа, утасны үзүүр Б.Ганхуягийн гарт байгаа л даа. Тэр бүгдийг өчихгүй байна уу, өөр ямар нэгэн захиас хүлээж байна уу ямартай ч түүнийг батлан даалтад гаргах өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг хүлээж авахгүй буцаасаар найман сар болчихсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн түүнийг суллах хүсэлгүй байгаагаа илэрхийлж “сайтар шалгах ёстой” гэдгийг хэлсэн.

Хөгжлийн банкны хэрэг гэж хөгөө чирсэн үйлдэл болсон тул ирэх сонгуульд намаа ялуулсан гарынх нь ганц хөзөр нүүрсний хулгай байх биз. Тиймээс түүнийг суллачихвал ард түмэндээ “адлуулчих” гээд, үргэлжлүүлэн хорьсоор байгаа нь хажуу хавирганаасаа “хатгуулчих” гээд тунчиг амаргүй л байгаа гэх юм билээ. Сүүлчийн ганц хөзрөө гартаа тас зуурсаар сонгуульд орох юмдаг уу даа. Сошиалаар баахан бүллидсэн хүнийг ялгүй үлдээнэ гэдэг хууль дагаж мөрдөхөөс давсан зүйл болсон тул ямар нэгэн байдлаар Б.Ганхуягт ял оноож л дуусах байх. Нийгэм маань ч өөрөө цаазла, дүүжил, шонд өлгө, шоронд нь хатаа гэх мэтчилэн хуулиас давсан шүүх болчихоод байгаа тул шүүгчид нүдээ аниад л алх цохих болов уу. Шүүх алх цохих хүртэл найман сар хоригдсон Б.Ганхуягийг батлан даалтад Т.Бадамжунай шиг гаргах болсон юм биш үү.

Э.ТЭМҮҮН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу