“Баян хүнийг балаг тойрдоггүй” гэдэг үг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт л тохирсон гэмээр. Шатахууны бизнесээс улс төрийн босго алхаж, хэлд, хөлд орж яваа хүн. Гишүүн болсноосоо хойш тийм ч дардан замыг туулалгүй гурван жилийг ардаа үдэв. Элдэв хүүхэн шууханаас эхлээд энэ парламентад бүдэрч, сөхөрч, намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байдалтай л яваа гишүүдийн нэг нь Ц.Анандбазар. “Нам нь дэвшүүлэхгүй бол бие дааж нэр дэвшинэ” хэмээн ам алдсан түүнд бие даан дэвших ч боломж олдохгүй нь бололтой. Ямартай ч Булганы ахмадуудыг аялахад бензин талон өгч, хятад мотоцикль бөөн бөөнөөр нь тарааж яваа ч бүтлийг эс олж байгаа аж.

Сонгууль хаяанд ирсэн энэ үед Ц.Анандбазарын хувьд нойргүй шөнүүд эхэлсэн байна. Түүнийг Филиппин улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд авч ирсэн МАН-ын “экс акул” Т.Бадамжунайд 50 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж эхэлжээ. Тиймээс Т.Бадамжунайд авлига өгсөн хэргээр яллагдагчаар татжээ. Т.Бадамжунайгийн охины нэр дээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхийн компани барьж, ашиглалтад оруулсан Бага тэнгэр сити цогцолборт хэд хэдэн байр бүртгэгдсэн байгаа аж. Гэвч ямар замаар өөрийн болгосон гэдгээ тайлбарлаж чадаагүй байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн байх юм. Түүний нэр холбогдсон авлигын хэрэг ганц энэ биш. Содмонгол групптэй холбоотой нэлээд асуудлууд яригддаг. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар улс төрд орж шатахууны бизнесээ тэлэх гэсэн биш бизнесээ хөмрүүлж мэдэх цаашлаад хэрэгтний ширээнд суух улс төрчийн төгсгөлийн карьердаа тулсан хувь тавилан хүлээж байна. Ц.Анандбазар ирэх сонгуульд Булган аймагт нэр дэвшихгүй нь. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй хамт нэг шинэ хүн МАН-аас Булганыг зорихоор байгаа юм. Өмнө нь нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх эсэхээ хурлаар шийддэг байсан бол өнөө цагт хэрэгтний ширээний ард суулгаж байгаад тойргийг нь сулладаг шинэ цагийн улс төр бий болоод байгаа билээ.

Б.ИВЭЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу