-Эрдэнэс силвер ресурс ХХК-г Баянхонгорынхоноос салгахаар болжээ-

Төрийн өмчит компаниуд хөдөлгөөнд ороод байна. Эрдэнэс монгол ХХК-ийн ТУЗ хуралдаж, 100 гаруй хүнтэй Эрдэнэс силвер ресурс ХХК-г 10 гаруйхан хүнтэй Эрдэнэс алт ресурс ХХК-тай нэгтгэж, 110 орчим хүнтэй цаашид үйл ажиллагаа явуулах бүтцийг зуржээ. Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн захирал С.Баярмөнхийн тамга тэмдгийг хураан авснаар дараагийн захирал томилогдтол Х.Бадамсүрэнгийн баруун гарын хүн гэгдэх Ц.Төгсбуянг захирлын үүргийг Түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Хоохорын Бадамсүрэн Ц.Төгсбуянгаа албан тушаалд нь жинхэлүүлэхээр дээр дооргүй хөл алдан гүйж, утас цохиж суугаа юм байна. Нөгөө талаас нь тамга тэмдгээ хураалгаад байгаа С.Баярмөнх тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирал Эрдэнэчулууны Ууганбаярыг томилуулахаар хөдөлгөөнд ороод байна. Тиймээс дараагийн захирлын марафон хэдийнэ эхэлчихээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. ЭНД дарж уншина уу.

2019 оны тавдугаар сард Эрдэнэс силвер ресурс ХХК-ийг байгуулсан цагаас хойш Баянхонгорынхон эзэн сууж ирэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордод хүчний байгууллагаар “десант” буулгаж сүрийг үзүүлсэн цагаас хойш Хонгор нутгийнхан үнэндээ Салхитын мөнгөний ордод дураар аашлах боломж нээгдсэн. 

Баянхонгороос Х.Баттулга Ерөнхийлөгч, Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан цаг үе. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга МоАХ дотроосоо нутгийнхаа Т.Мөнхбаярыг Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн захирлаар түвэггүй томилуулж чадсан. Эрх барьж байсан МАН-ынхан тэр үед юу ч хэлэлгүй хэлээ хазаж өнгөрснөөр АН-ын хүнийг Гүйцэтгэх захирлаар томилуулж байлаа шүү дээ.  Ингэж л МАН, АН нийлсэн хоршил Эрдэнэс силвер ресурс ХХК-ийг ээлжлэн удирдах эхлэл тавигдсан. Х.Баттулга Төрийн тэргүүнээс бууснаар Т.Мөнхбаярын визний хугацаа дуусаж, УИХ-ын дарга Г.Занданшатарын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнхийг Гүйцэтгэх захирлаар томилсон. С.Баярмөнх ажлаа авсны дараа Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Уурхайн даргаар С.Ганхүлэг, Худалдан авах ажиллагааны газрын захирлаар Эрдэнэчулууны Ууганбаяр нарыг томилсон байдаг.

Баянхонгороор дагнасан томилгоонууд дунд орж ирсэн Э.Ууганбаяр нь Дархан-Уул аймгийн уугуул, Сангийн сайд Б.Жавхлантай ойр байдаг гэх мэдээлэл бий.

Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг Эрдэнэс силвер ресурсийг ухахад маш ноцтой олон гогцооны үзүүрээс АТГ-ынхан атгаж авахаар байгаа юм. Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн  анхны захирал Т.Мөнхбаяр яллагдагчаар татагдан шалгагдаж яваа. Түүний араас удаах захирал С.Баярмөнхийг, Худалдан авах ажиллагааны газрын захирал Э.Ууганбаяр нарыг шалгаж магадгүй байна. Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Үндэсний аудитын газраас гуравдугаар сард хийсэн Санхүүгийн аудитын шалгалтад бүдэрчээ. Аудитын дүгнэлтээр 600 гаруй сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлтийн 15.1.5-д “төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах”, 15.1.7-д “байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах” гэж заасныг зөрчсөн. Мөн ажил гүйцэтгэгчийн шалгаруулахдаа ажлын туршлагыг харгалзалгүй шалгаруулсан, харьцуулалт хийлгүй шууд худалдан авалт хийсэн гэх мэтчилэн зөрчлүүдийг илрүүлсэн байна. Аудитын байгууллагын дүгнэлтээс гадна тендер сонгон шалгаруулалт явуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйлс ч чих дэлсэж байгаа юм.

Тиймээс АТГ анхааралдаа авч төрийн өмчит компанид ирж хуульгүй мэт аашилдаг, хөлждөг С.Баярмөнх, Э.Ууганбаяртнуудыг шалгах цаг болсон байна. Байгуулагдсан цагаас нь хойш Салхитын мөнгөний ордыг баруун, зүүн салаагаар захирч ирсэн Баянхонгорынхоноос Эрдэнэс силвер ресурс ХХК-г салгахаар болжээ.

Аудитын дүгнэлтийн албан шаардлагатай ТАНИЛЦ:

Үргэлжлүүлэн тендер, худалдан авалттай холбоотой материалуудыг хүргэх болно.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу