Хулгай нүүрлэсэн Монгол Улсад хуулийн байгууллага одоо ажлаа хийж байна. Хөгжлийн банктай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин тэргүүтэй парламентын түшээд, тэдний хамаарал бүхий этгээд, авилга өгсөн, авсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан маш олон хүнийг яллагдагчаар татаад байна. Үүний үргэлжлэл нүүрсний хулгайгаар хөвөрсөн. АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт анх 17 хүний нэр зарлаад таг болсон. Таг болсон ч гэж мөрдөн шалгах ажиллагаагаа нам гүмхэн явуулж байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, ЕТГ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн нэрсийг зарласан. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр зарлагдах болсон. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадорж, зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Отгонжаргал нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж, түр саатуулаад байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн гүтгэгдэж буй асуудлаа бүрэн эрхээр халдавчилалгүй шалгуулна хэмээн мэдэгдсэн. Мөн ээжийнх нь биеийн байдал тааруу байгаа тул гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан өргөдөлдөө онцолсон байсан. Үнэхээр нүүрсний хулгайд холбогдсон бол бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхгүй байж, дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах ёстой баймаар. Гэвч тэр тэгсэнгүй. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон бусад гишүүдээ уриалан бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулья гэсэн юм.

Т.Аюурсайхан гишүүн мөн УИХ-ын даргад УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ж.Мөнхбатаас ялгаатай нь түүний туслах болон зөвлөхөөр ажиллаж байсан хоёр хүн саатуулагдан шалгагдаж байгаа. Түүнтэй хамт мөр зэрэгцэн Шинэчлэлийн хороонд зүтгэж байсан ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мөн шалгагдаж байгаа юм. Т.Аюурсайханы өргөдлийн утга нь Ж.Мөнхбат гишүүний чөлөөлөгдөх өргөдөлтэй утга нэг байсан.

Ж.Мөнхбатаас эхэлсэн бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлт Т.Аюурсайханаар үргэлжилэв. Тэдний араас бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах УИХ-ын гишүүн гарах уу гэдэг асуулт байна. АТГ-аас нэр нь зарлагдаагүй ч энэ хоёр гишүүн бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ албан бичгээр уламжиллаа. Харин нэр зарлагдсан гишүүдээс гурав, дөрөв, тав дахь гишүүдийн цуваа үргэлжилэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үнэн, худал үүдэн хоймрын зайтай байдаг бол үнэн мөнөө тогтоолгохоор бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөх дараагийн гишүүн хэн байх вэ.

Э.БОЛД