Монгол Улсын шүүх энэ оны эхний хагас жилд 59,197 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Эдгээр хэргүүдийн талаар өнөөдөр /2023.07.26/ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс танилцуулж байна. 

Энэ үеэр “найман ишигний” гэх хэргийн талаар мэдээлэл хүргэлээ. 

Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс олон тооны мал бүлэглэн хулгайлсан асуудлыг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “найман ишигний” гэх асуудлыг гарган ирж, олон нийтийг төөрөгдүүлж байна. 

Уг хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын шүүх 2023 оны зургаадугаар сарын 12-нд хянан хэлэлцсэн байдаг. Улмаар Г, Т нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар Г-д хоёр жил, зургаан сар, Т-д хоёр жилийн хорих ял оногдуулсан. 

Хэргийг хуулийн дагуу л шүүх шийдсэн. Уг хэрэгт шүүгдэгч нар буюу Г, Т нар бүлэглэж, бусдын олон тооны мал буюу нийт 56 бог малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасанчлан олон тооны малыг бүлэглэж хулгайлсан тохиолдолд 2-8 жил хүртэл зөвхөн хорих ял оногдуулна гэж хуульд тусгасан байна. “Олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, “наймхан ишигний хэргээс болж хорих ял оногдууллаа” гэж иргэд хэлээд байгаа ч хуулийн хүрээнд зөвхөн хорих ялтай.

Тус хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргасан. Гомдлыг Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан. Шүүх хуралдааныг наймдугаар сарын 2-ны 10 цагт хийхээр товлосон  байна. Шүүх хуралдааныг нээлттэйгээр зохион байгуулна” гэлээ.


Эрүүгийн хуулийн заалт: 

17.12 дугаар зүйл.Мал хулгайлах

Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бүлэглэж;

2.3.улсын хилээр нэвтрүүлж;

2.4.машин механизм ашиглаж;

2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;

2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу