Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. Тодруулбал, түүнд цахим гав зүүлгэж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан юм. 

Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан ч давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 18-нд түүний гомдлыг хэлэлцэж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл үүний дараа буюу долдугаар сарын 18-нд Ч.Маралмаагийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт кофе шопт явж буй бичлэг цацагдсан юм. Үүнийг албаны хүмүүс “УДШ-ийн тогтоол албажсан ч ШШГЕГ-т очиж амжаагүй байсны улмаас өнгөрсөн хугацаанд Ч.Маралмаа цахим гав зүүгээгүй” хэмээн тайлбарласан билээ.

Тэгвэл уг тогтоол ШШГЕГ-т очиж, албажсанаар энэ долоо хоногийн даваа гарагаас буюу энэ сарын 24-нөөс эхлэн Ч.Маралмаад цахим гавыг нь зүүлгэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу