Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.07.26) болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм.  Тодруулбал,

  • Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
  • Тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулах” зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлан, шийдвэрлэх юм.

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хүртээмж, ачааллыг бууруулах талаар салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээллийг сонсоод Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох журмыг боловсруулж батлах, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол боловсруулж, хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор даалгасан Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.

Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахимжуулах ажлын хүрээнд цаасан хэлбэрээр олгож буй 85 зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх системийн бодлогын даалгаврыг бүрэн хийж дуусгасан, Зөвшөөрлийн нэгдсэн сангаас тусдаа буюу тухайн байгууллага өөрийн системээр олгодог 134  зөвшөөрлийг холбох техникийн зураглалыг гаргаж, системийн шаардлагыг боловсруулж дуусчээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт туссан 249 тусгай зөвшөөрлөөс цахимд шилжээгүй 85 зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журам, дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдэд холбох, системийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Товч мэдээ

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.  

Олон улсын авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гадаад улс орны үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагын шууд болон дамжуулан худалдан авалт хийх журам, энэ харилцааг зохион байгуулах бүтцийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгалаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу