Ардчилсан нам дотооддоо учраа олохгүй байна. Намын дарга Л.Гантөмөр нь томилогдсоноос хойш дорвитой ямар нэг хөдөлгөөн хийж, шийдэл гаргасангүй. Ёстой л тэнэгийн дотор уужуу гэдэг шиг байх юм. Намын Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж намын дунд шатны байгууллагын дарга нараа сонгох ёстой атал, хурлаа хийхгүй байгаад намынхан нь дургүйцэж эхэлжээ.

Ардчилсан намынхан Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар шахаж байгаа ч Л.Гантөмөр угтан ирэх галыг сөргүүлэн барих бамбар байхгүй тул тус хурлыг хойшлуулаад байгаа юм. Наадмын өмнө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ сонгох байсан ч чадсангүй. Аймгуудын намын хорооны дарга нараа сонгон шалгаруулах журам батлах ёстой ч баталсангүй. Ер нь бол хав дарсан байдалтай хаашаа юуг ч хөдөлгөхгүй байгаад намынхан нь дургүйцэж байгаа юм байна.

Нөгөө талд нь намын ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно гэдэг шуум тарсан ч мөн л хөдөлгөөн хийгдсэнгүй. Намын ерөнхий нарийн бичгийн даргаар өөрсдийн хүнээ тавиулахаар экс Төрийн тэргүүнүүд марафоныг эхлүүлсэн. Ц.Элбэгдорж Ч.Өнөрбаярыгаа улираахаар зэхэж байгаа бол Х.Баттулга хэд хэдэн хүнийг ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд сойчихоод хүлээж байгаа юм. Экс тэргүүнүүдийн нүүдэл Л.Гантөмөрийг ацан шалаанд оруулсан байгаа ч намын анхан шатны байгууллагуудтайгаа зөвшилцөлгүй Архангай, Дархан-Уул аймгуудын намын хорооны дарга нарыг томилж эхэлжээ. Аймгийн намын хороо нь шийдэх ёстой атал шууд дээрээс нь хүчээр томилгоо хийж эхэлсэнд намын анхан, дунд шатныхан нь дургүйцэж ҮБХ-ны хурлаа яаралтай хийхийг шаардаж байгаа аж.

Ирэх сонгуульд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тухайн тойргийн МАН-ын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж асууж эхэлсэн байна. Ингэхдээ танай тэр тойрогт манай намаас ямар хүмүүс нэр дэвших боломжтой вэ. Энэ хүмүүс нэр дэвшинэ гэдэг хүсэлтээ илэрхийлж байна. Дэвшээд гарах болов уу гэхчилэн МАН-ынханыг ангайтал намынханыхаа талаар асууж байгаа явдал юм. Хүн итгэхгүй гэмээр ийм зүйл үнэхээр болж байгаад МАН-ынхан нь гайхаад хоорондоо шивэр авир хийж эхэлжээ. Өндөглөгч тахиа шиг бүх зүйлээ хав дарсан Л.Гантөмөрийн дараагийн нүүдэл нь МАН-тай зөвшилцсөөр байх явдал юм болов уу даа.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу