Урин цагт Улаанбаатар хотоос л гарахгүй бол монголчуудын ажлын бүтээмж хэд дахин буурчихдаг гэлтэй. Ингээд зугаалж зугаалж ирэхэд нь замын эвдрэлээс эхлээд бахь байдгаараа байвал тэгээд л хамраа үрчийлгэхээс өөр аргагүй.

Наадмын өдрүүдэд хотоос 840 мянга орчим тээврийн хэрэгсэл гарчээ. Хаанаасаа л бид амарч зугаалах аа мартана гэж байхгүй. Энэ жилийн хувьд авууштай ганц харагдсан зүйл нь хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн энд тэнд зам хаасангүй. Наадам эхэлмэгц бага тойруугаас эхлээд хэсэгчлэн хааж шугам сүлжээ шинэчлэх ажлуудыг эхэлсэн. Зам засварын ажилчид маань баяр наадам гэлгүй л ажиллаж харагдана.  Угаас бидний ганц хүсээд байдаг зүйл. Наадмаар засвар аа хийгээд намар түгжрэлгүй л байх.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж буй. Бага тойруугийн 2400 метр шугам сүлжээг иж бүрэн солих ажил эхлэхэд хотод бараг машин тэрэг үлдээгүй шахам байсан юм. Эл хуль оргиж хоосон болсон зам талбайгаа засаад авахад хамгийн тохиромжтой цаг.

Олон жил иргэдийн дургүйцлийг хүргэж, хараалгаж ирсэн зам засвар, шугам сүлжээний ажлууд энэ жил овоо амралт тааруулаад хийгдэж байна. Наймдугаар сарын 15 гэхэд дуусгана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй аж. Чухам хугацаандаа дуусаж, замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй л байвал болоод явчихна.

Ингэхдээ томоохон авто замын уулзварууд доорх шугам сүлжээг хонгилын системээр шинэчилж байгаа нь бас нэг авууштай хэрэг. Өнөөдрийг хүртэл эвдрэл гарсан хэсэг бүрийг ухаж сэндийчдэг байсан. Харин хонгилын системд орсноор нь цаг тухайд нь шалгах, засах бүрэн боломжтой болоод ирнэ. Кинон дээрээс л газар доорх байгууламж хардаг байсан манайханд дажгүй шинэ шийдэл харагдаж эхэллээ.

Үүний дөнгөж дараа баяр наадам дуусаж хот руу чиглэх хөдөлгөөн бага багаар нэмэгдэж байлаа. Ингэхтэй зэрэгцээд л өнөөх цахим орчинд “энд ингэж зам хаасан” “тэнд тэгж ухаад хаячхаж” “дуусдаг л байгаа даа” гээд л шуугиад эхэлчихнэ. Гарсан дээр нь бушуухан засаад тавьчих гэсэн ч арай амжаагүйтэй нь таарсан иргэд хамраа үрчийлгэн хотынхоо муухайг гайхна. Нүд ирмэхийн зуур бүтчих ажил гэж юусан билээ.

Гэтэл ашгүй аймгуудын зуун жилийн ой тохиож ахин олноороо гарч одов. Энэ онд Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь- Алтай аймгуудын түүхт 100 жилийн ой тохиож байна.May be an image of crowd

Хэдхэн хоногийн өмнө орсон усархаг борооноор мөн л замын асфальт хучлага урсаж, эвдэрч чамгүй л юм болсон. Хаанаасаа л чанаргүй хийж, чанаргүйг хүлээж авсны гор л доо. Тэглээ гээд халаглаад суугаад байлгүй харин ч дор дор нь хийгээд явж байгаа нь авууштай. Иргэд зугаалж зугаалж ирээд дуусаагүй байвал зүхэж гарна шүү дээ.

Засварын ажлын тухайд “Төв шуудангийн уулзвараас Энхтайвангийн гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажлыг хийж дууссан бол Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто зам, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богд хан уулын арын зам хүртэлх авто зам болон Зайсангийн гүүр, Яармагийг төв замтай холбосон гүүр бусад засварын ажлуудыг нийслэлийн төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр ажлууд хийгдсэний дараа ямар өөрчлөлт гарах нь тухайн үед шууд л гарт баригдаад ирэх болов уу. Наана нь хаасан замыг зүхэж хараалаа барах ч яамай.

Үерийн ус, далан шороо гээд л чамгүй хөл хөдөлгөөн болсон нийслэлийнхэн энэ удаад зүтгэсэн чигтээ зүтгээд хийсэн бүтээсэн ээ нэг харуулах санаатай байгаа бололтой. Иргэд харин харалган өнгөцхөн л битгий хүлээж аваасай. Чухам хийж байхдаа замбараагүй тарсан харагдлаа ч дуусаад бодит үр дүн харагдах учраас хүлээцтэй байхыг л хүсэх юм.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу