Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж муу байгаагаас үүдэн ирэх (2023-2024) хичээлийн жилд 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжээр хичээллэхэд хүрч буй талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ. 
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан түүний шалтгааныг тайлбарлажээ. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжид шилжиж байгаа гурван шалтгаан байна. 
  • Нэгдүгээрт, улсын хэмжээнд жил бүр 35 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байхад 78-80 мянган хүүхэд 1-р ангид элсдэг. Улаанбаатар хотод жилд 20 мянган хүүхэд төгсөж байхад 38 мянган хүүхэд 1-р ангид орж ирдэг. 
  • Хоёрдугаарт, олон жил ужгирсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын оновчгүй бодлого. Үүнд хамгийн муу үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол УИХ-ын гишүүд. Надаас эхлүүлээд. Ямар ч төлөвлөлт, газар, зураггүйгээр улсын төсөв батлуулаад, хөрөнгө оруулалт тавьдаг. Ингэхдээ төсөвт өртөг гээд дүн тавиад, 100-200 сая төгрөгөөр эхлүүлчихдэг. Тэр нь шаардлагатай санхүүжилт байдаггүй учраас он дамжуулан санхүүжилт олгодог. Нэг тэрбум төгрөгөөр эхлээд 10 гаруй тэрбум зарцуулсан хэрнэ барилгын  ажил нь дуусаагүй сургууль хүртэл байна.

320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажил эхлүүлсэн мөртлөө хөндлөнгөөс нийслэл бие даан шийдвэр гаргаад 630 хүүхдийнх болгох, спорт заал нэмэх зэргээр өргөтгөл нэмээд байдаг. Тэр нь бас сураггүй. Үүнийг далимдуулж мөнгө угаадаг,  тендерийн “хонгилын” компаниуд байна. Бүр мэргэшсэн. Үүнийг арилгах зайлшгүй шаардлагатай. 

  • Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдаатай бодлого. Анхны зургаар томоохон хотхон хорооллыг сургууль цэцэрлэгтэй байхаар төлөвлөдөг ч улсын комисст хүлээлгэж өгөхдөө зөвхөн орон сууны барилга л ашиглалтад оруулдаг” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу