УИХ-д шударга улстөрчийн дүрийг бүтээж УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайд хүртлээ дэвшсэн хүн бол Т.Аюурсайхан. Өөрөө бол нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй гэж мэдэгдсэн ч өөрийг нь тойрсон хүмүүс бүгд нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Хамтран зүтгэгч Эрдэнэс таван толгойн захирал асан Б.Ганхуягтай танилаас цаашгүй шахам хэмээн мэлзсэн ч хүзүү сээрээрээ холбогдсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Т.Аюурсайханы зөвлөх, туслахаас нь эхлээд бүгд Б.Ганхуягийн доор очиж ажилласан байдаг.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргийг АТГ шалган шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Түүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрсөн ч Т.Аюурсайханы нүүрсний хэргийн асуудал намжсан уу гэхээс илүү мэдээлэл гарсангүй.

Түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү” хэмээн хэлсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурсан. Хэрэв тэгж хэлсэн нь үнэн бол нүүрсний хулгайч нарынхаа атганд Л.Оюун-Эрдэнэ бүрэн багтсан гэсэн үг. Тийм болохоор Т.Аюурсайханы нэр холбогдсон нүүрсний хулгайн гэх хэрэг сүр дуулиантай эхэлсэн ч зул адил бөхөж байгаа юм биш үү.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу