Кремль Киевийг “Москваг онилон нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн” гэж буруутгасан. Түүнээс хойш хэдхэн цагийн дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Дайн Орост аажмаар эргэн ирж байна” гэж мэдэгдэв.

ОХУ-ын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр, тус улсын Батлан хамгаалах яам өнгөрсөн Ням гарагт гурван нисгэгчгүй онгоц саатуулсан ч Москвагийн баруун хэсэгт байрлах бизнес, худалдааны төвийн барилгууд цохилтод өртжээ. Мөн 50 давхар барилгын тав, зургадугаар давхар өртсөн ч хүний ​​амь нас эрсдээгүй байна.

Ослын газарт яаралтай тусламжийн албаныхан ажиллаж байгааг харуулсан бичлэг цацагджээ.

Зеленский “Украин хүчирхэгжиж, дайн аажмаар Оросын нутаг дэвсгэр рүү эргэж, түүний бэлгэдлийн төв, цэргийн баазуудыг чиглэж байна. Энэ бол зайлшгүй, жам ёсны бөгөөд туйлын шударга явдал юм” гэж хэлжээ.

Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат “Москваг онилсон нисгэгчгүй онгоцны дайралт 2022 оны хоёрдугаар сард Кремль Украин руу довтолсоноос хойш дайн хол байна гэж андуурсан оросуудад нөлөөлөх зорилготой” гэж хэлсэн байна.

Тэрбээр Украины телевизээр “Дайн санаа зовдоггүй хүмүүст одоо нөлөөлж байна. Оросын эрх баригчид бүгдийг таслан зогсоолоо гэж хэлээд, нүдээ аниад өнгөрөөхийг хүссэн ч ямар нэг цохилт ирж л таарна” гэж мэдэгджээ.

Украины арми зөвхөн тагнуул хийхээс гадна нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл ихээр ашигласаар байна.

Украины сайд Михайло Федоров “Киев Оросын цэргүүдийг Украины нутаг дэвсгэрээс шахан гаргах зуны сөрөг довтолгоогоо эрчимжүүлж байгаа энэ үед нисгэгчгүй нисэх онгоцны цохилтууд нэмэгдэнэ” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн Даваа гарагт Москвад нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн. Үүний улмаас орон сууцны бус хоёр барилга, түүний дотор ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны байрны ойролцоох нэг барилга өртсөн бөгөөд халдлагын хариуцлагыг Украин хүлээжээ.

Кремлиэс Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд энгийн иргэд байнга өртөж, хохирч байгаа ч Орос энэ үйл явдлыг “террорист халдлага” гэж нэрлэсэн.

Украины зүүн хойд хэсгийн Сумы хотод өнгөрсөн Бямба гаригийн орой Оросын тал пуужингаар цохилт өгсний улмаас хоёр энгийн иргэн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан бол Запорожжиад өгсөн пуужингийн цохилтын улмаас мөн хоёр хүний амь нас эрсэджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч тус хоёр хотод бөмбөгдөлт үргэлжилсэн байна. Сумы хотын эрх баригчид оросууд нэг өдрийн дотор 25 удаа халдсан гэж мэдэгдсэн бол Запорожжиа дахь цэргийн удирдагч Оросын арми тус хотын 20 сууринд 77 удаа халдлага үйлдэж, 31 орон сууцны барилга болон бусад дэд бүтцийн байгууламжид цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Хэдийгээр Украины Москвад өгсөн цохилтын улмаас хүн бэртэж, амь насаа алдсан тухай мэдээлэл гараагүй ч Оросын нийслэлийн оршин суугчдыг түгшээж байна.

Ням гарагийн халдлагын нэгэн гэрч “Ройтерс” агентлагт “Би найзтайгаа алжаалаа тайлахын тулд энд ирж, байр хөлслөн амьдарч байсан. Бид дэлбэрэлтүүд сонссон. Яг л давлагаа шиг байсан. Их утаатай байсан тул галаас өөр юу ч харж чадаагүй” гэж ярьжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу