Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэлээ.

Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь (Хөрөнгө завших) заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.