Их Британийн Батлан ​​хамгаалах яам Украинд шилжүүлж болох байсан 43 ширхэг “Challenger 2” танкийг устгажээ. Энэ талаар тус улсын Засгийн газрын мэдээлэлд нэвтрэх эрхтэй “The Times” сонин мэдээлсэн байна.

Сонины мэдээлэлд “Батлан ​​хамгаалах яам Украиныг дэмжих зорилгоор илгээж болох олон арван танкийг устгаж, татвар төлөгчдөд олон сая фунт стерлингийн хохирол учрууллаа” гэж бичжээ.

Түүнд дурдсанаар, тус хуягт тээврийн хэрэгслүүдийг засварлах эдийн засгийн боломж хомс гэж үзсэн байна. Тэдгээрийг өмнө нь 2010-2014 оны хооронд засч сайжруулсан бөгөөд нийт 4.3 сая фунт зарцуулжээ.

Цэргийн шинжээч Жастин Крамп “The Times” сонинд “Эдгээр танкууд Британийн армид бараг ашиглагддаггүй танкуудын тоонд багтаж байсан тул тэдгээрийг устгах шийдвэр гарсан” гэж ярьжээ.

Лондон өмнө нь Их Британийн армиас Киевт 14 “Challenger 2” танк илгээсэн. Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллес Украинд өнгөрсөн тавдугаар сард өгнө гэж амалсан бүх танкийг тус улсын Зэвсэгт хүчин хүлээн авсныг баталжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу