Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр уг салбарын сэргэжилтнүүд дараах санал зөвлөмжийг хэлсэн юм. 

 

Хөгжлөө зөвхөн хотоор бус, том зургаар харах хэрэгтэй

Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлын нэг нь нутаг дэвсгэрээ тэлж хөгжих юм. Хүн амын төвлөрлийг ухаалгаар зохицуулахад хөгжлийг бүс нутгийн түвшинд авч үзэх нь чухлыг уулзалтын үеэр онцолж байв.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан, гавьяат барилгачин, зөвлөх архитектор Я.Шархүү:

-Миний тооцоолсноор 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.2 сая орчимд хүрнэ. Тэгэхээр хот цаашид нутаг дэвсгэрээ тэлж хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төвөөсөө 50-150 км зайтай тэлж хөгжих учиртай. Ингэхийн тулд хөгжлөө зөвхөн хотын бус, Төв аймгийн хэмжээнд төлөвлөж, том зургаар харах хэрэгтэй байна. Нөгөө талаас хотыг тэлээд, хөгжүүлээд хүн амын төвлөрлийг шийдэхгүй. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанарыг бусад аймагт ч дээшлүүлж байж төвлөрөл саарна хэмээлээ. Түүнээс гадна төвлөрлийг дагасан эрсдэлийг бууруулахад анхаарах нь чухлыг судлаачид онцолж байв. Тухайлбал, хүн амаа гал түймэр, үерийн гамшгаас хамгаалахын тулд стандарт норм, хууль журмын хэрэгжилтэд хатуу хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Зөвшөөрөлгүй барилгад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй

Уулзалтын үеэр архитекторууд хот төлөвлөлттэй холбоотой саналаа Хотын даргад уламжилсан.

Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд:

-Хот төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлын нэг яах аргагүй санхүүгийн эх үүсвэр. Үүнийг нийслэл өөрийнхөө боломжид тулгуурлаад шийдэхээр зорьж байгаад талархаж байна. Нөгөө талаар зөвшөөрөлгүй барьсан барилгуудын асуудал байна. Энэ бол одоо хэрэгжиж байгаа хууль, дүрмээ мөрдөхгүй байгаагийн уршиг. Тэгэхээр зөвшөөрөлгүй байж ажил нь эхэлсэн 107 барилгын асуудлыг цэгцлэх шийдлийг зоригтой гаргах хэрэгтэй байна. Үүний улмаас дур дураараа шийдвэр гаргаад, нам барилгын бүсэд өндөр барилга барих, эсвэл орон сууцны бүсэд үйлдвэр байгуулах асуудал гараад байгаа юм. Үүн дээр гаргалгаа гаргаад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч зогсохгүй хэмээлээ.

Мөн засаглалын тогтвортой байдлыг хангах, ингэснээр өмнөх шийдвэрүүд хэрэгжих хөрсийг бүрдүүлэх нь чухлыг онцолж байв.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амьдарч буй хотоо төлөвлөх, хөгжүүлэхэд нэн хэрэгтэй санал бодлоо хэлж, уулзалтад хүрэлцсэн ирсэнд талархал илэрхийлье. Нийслэлийг дэлхийн бусад хотын адил хөгжүүлэхэд хууль, эрх зүй, төлөвлөлт, инновац, эдийн засгийн олон чухал ажлыг хийх хэрэгтэй байна. Цаашид хот төлөвлөлтөд мэргэжлийн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын санал, санаачилгыг тусгаж, хамтран ажиллахад хэзээд нээлттэй байх болно” хэмээв.

1 сэтгэгдэл

  1. Мэдээ бэлтгэж байгаа хүмүүс мэдээгээ сайн уншиж, үг үсгийн алдааг нь сайн уншиж хянаж баймаар байна.Эх хэлээ дээдэлж зөв алдаагүй бичиж байх хэрэгтэй тэр тусмаа хэвлэл мэдээллийхэн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу