Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Уг салбарын мэргэжилтнүүд дараах санал зөвлөмжийг хэлсэн юм. 

МУИС-ийн Газар зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Гантулга: 

Хотыг 10, 20 жилээр төлөвлөдөг. Гэтэл энэ хугацаанд Засгийн газар, хотын удирдлага нь хэд хэд солигддогоос болоод шийдвэрүүд хэрэгждэггүй, үр дүн нь гардаггүй. Тэгэхээр эрх зүйн баримт бичгийн хувьд ч, эсвэл намын дотоод бодлогын хувьд ч энэ чиглэлд менежмент хийх хэрэгтэй. Салбартай холбоотой бас нэг асуудал нь байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яамд хоорондын уялдаа холбоо сул. Өөр хоорондоо уялдаагүй шийдвэр гаргаснаар хэрэгжүүлэх ажлууд зөрчилдөх нь бий. Ерөөс бодлогоо зангидаж, мэдээллийн сангаа нэгтгэх нь чухал гэсэн юм.

Хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй концепцуудыг тусгах шаардлагатай

Цаашид хот төлөвлөлтдөө байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй концепцуудыг тусгаж өгөхийг ШУТИС-ийн Архитектурын салбарын эрхлэгч, доктор Г.Цовоодаваа онцолсон.

Хотоо хөгжүүлэх, төлөвлөх, шинэ шийдлийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчийг татан оролцуулах нь чухлыг уулзалтын үеэр тодотгож байлаа. Мөн хууль, эрх зүйг боловсронгуй болгох, одоо хэрэгжиж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хот төлөвлөлттэй холбоотой заалтуудыг тусгах  шаардлагатай байгааг салбарынхан хэлж байв.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амьдарч буй хотоо төлөвлөх, хөгжүүлэхэд нэн хэрэгтэй санал бодлоо хэлж, уулзалтад хүрэлцсэн ирсэнд талархал илэрхийлье. Нийслэлийг дэлхийн бусад хотын адил хөгжүүлэхэд хууль, эрх зүй, төлөвлөлт, инновац, эдийн засгийн олон чухал ажлыг хийх хэрэгтэй байна. Цаашид хот төлөвлөлтөд мэргэжлийн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын санал, санаачилгыг тусгаж, хамтран ажиллахад хэзээд нээлттэй байх болно” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу