Хятадын Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, өнгөрсөн Бямба гарагийн оройноос Даваа гарагийн үд дунд хүртэлх хугацаанд Бээжинд 170.9 мм буюу долдугаар сарын нийт хэмжээтэй тэнцүү хур тунадас орж, Бээжин хотод хоёр хүн үерт амиа алдаж, 31000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ.

Байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйлтэй холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Тус сэрэмжлүүлэгт “БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны долдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үргэлжлэн орсон бороотой холбоотойгоор Бээжин хотын Ус судлалын ерөнхий газраас 2023 оны долдугаар сарын 31-ний өдөр “Улаан түвшин”-ий сэрэмжлүүлэг гаргаж, гол, мөрний ай сав газар амарч, зугаалахгүй байх анхааруулга өгөв.

Мөн энэ өдрүүдэд гэрээсээ ажиллах, зайлшгүйгээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаагаас гадна олон нийтийн арга хэмжээ, аялал жуулчлалын төвүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Иймд БНХАУ-д албан болон хувийн ажлаар зорчиж буй иргэдийг хувийн аюулгүй байдалдаа анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу