Венесуэл улс БРИКС-т элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд эерэг шийдвэр гарна гэж найдаж байгаа ажээ. Энэ талаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Даваа гарагт “Венезолана де” телевизийн сувгийн “Мадуротой хамт+” нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.

Тэрбээр “Венесуэл БРИКС-т элсэх саналаа илгээсэн. Энэ саналыг нааштайгаар хүлээн авна гэж найдаж байна. Бид Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн “эерэг” хариуг хүлээж байна. Венесуэл эрт орой хэзээ нэгэн цагт БРИКС-ийн гишүүн болно” гэж хэлсэн байна.

Мадуро “БРИКС шинэ ертөнцийг цогцлоон бүтээхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, олон туйлт ертөнцөд эрч хүчтэй замыг нээж өгч байна” гэж онцолжээ.

Йоханнесбург хотноо наймдугаар сарын 22-ноос 24-нд БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд энэ үеэр БРИКС-т элсэх тухай зарим улсаас ирүүлсэн албан ёсны өргөдлийг авч хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу