Ард түмний хайртай хүлэг, Монгол төрийн түмэн эх “Дүүгүүр хээр” морь эндэж, тэнгэрийн хүлэг болжээ. 

Энэ талаар улсын алдарт уяач С.Энхтөр “Энгүй хурдан буян чи минь                                    Энэхэн насанд минь надад л заяасан                                                                                    Хүүхэд насны минь хүслийг биелүүлж төр түмний их баяр наадам түүхэн ойд түрүүлж, Монголын морины их олимп их хурдад түрүүлж, их түүхийг бүтээж, Монголын ард түмний хайртай хүлэг болсон, их түүхийг үргэлжлүүлэхээр төр түмнийхээ их баяр наадамд зорин ирсэн ч хариуцлагагүй нөхдийн буруугаас төрийн их баяр наадамдаа мордолгүй буцсан.

Хааны өндөр довонд төрийн зарлигт наадамд мордож үнэнхүү хурдан гэдгээ харууллаа.

Адуу адууны сор нь байсан чи

Агуу түүхийг бүтээж чадсан чи

Ирсэн шигээ буцдаг хорвоод явах өдрөө хүртэл олж шинийн 15-ныг сонгожээ чи

Эх нутаг ижил сүрэгтээ эргэн төрөөрэй

Энэ насанд минь дахин заяагаарай

Хүслээр биш заяагаар ирсэн хүлэг минь, буян минь.

Морь хэлмэгддэггүй Монгол наадам мэнд сайхан болдог болоосой.                                  Монголын ард түмэн эрх тэгш нааддаг дүрэмтэй болох болтугай” гэжээ.

“Дүүгүүр хээр” морь өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн. Энэ жилийн наадамд оролцуулах гэсэн ч сэрвээний өндөр нь 4 мм-ээр өндөр гэх шалтгаанаар хасагдсан юм. Үүний дараа Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар уралдаж, айргийн гуравт хурдалсан билээ. Энэ үеэр их насны морьдын сэрвээний өндрийг хэмжээгүй учир цус өндөртэй том морьдтой уралджээ. Ингэхдээ хамаг хүчээ шавхаж давхисаар гэдсэндээ хөндүүр аваад, хөндүүр нь гарахгүй байсаар эндсэн гэж уяач таамаглаж буй аж. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу