“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Рио тинто” компани Монгол Улсын Засгийн газарт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 194 сая ам.доллар буюу 676.7 тэрбум төгрөг, 2010 оноос хойш нийлбэр дүнгээр нийт 4.1 тэрбум ам.доллар буюу 9.5 их наяд төгрөг төлсөн. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан талаар мэдээллээ.

Энэ улиралд Өвөрмонголын эрчим хүчний компанитай хийсэн гэрээг 2030 он хүртэл сунгаж, Монгол Улсаас тогтвортой эх үүсвэр бүхий цахилгаан авах хүртэл үйл ажиллагааныхаа эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулсан байна.

Дэйрдрэ Лингенфэлдер “Бид 54 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр манай баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна.

Манай хамт олон, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуурыг тэсэлснээр дээрх зорилтод хүрэх юм. “Оюу толгой”-н уурхай Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн” билээ.

Бид 2023 оны хоёрдугаар улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж, бизнесээ аюулгүй, тогтвортой, ашигтай авч явахад анхаарлаа хандуулан ажиллалаа.

“Оюу толгой” өмнөх жилүүдэд Монголын ТОП-100 ААН-ийн шагналыг гардаж авч байсан ч энэ жил үнэлгээний таван гол үзүүлэлтийн дөрөвт нь тэргүүлж, 2022 онд нийт аж ахуйн нэгж дундаа нэгдүгээрт жагссан амжилтдаа маш их баяртай байна. Мөн энэхүү жагсаалтад “Оюу толгой”-н 31 ханган нийлүүлэгч багтсаныг тэмдэглэхэд таатай байна.

Энэ долдугаар сарын дунд “Рио Тинто” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, шинжээч, хөрөнгө оруулагч нар Монголын эдийн зсгийн форум, Үндэсний их баяр наадамд оролцож, “Оюу толгой”-н уурхайд зочиллоо.

Бид хүндэт зочдодоо Монгол Улс болон” Оюу толгой”-н уурхайгаа танилцуулж, хүдрийн биет, өсөх ирээдүйн боломж, хамт олон, түншлэлээрээ дэлхийн жишигт нийцэхүйц болсныг харуулж чадлаа” гэж “Оюу толгой” ХХК-ийн 2023 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцын талаар танилцуулахдаа хэлэв.

Үйл ажиллагааны тайлангаас харахад, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байжээ. Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ашигладаг бол “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (2023 оны 2-р улиралд 0.39 куб метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг болсон юм.

Нийт ажилтны 97.4 хувийг монголчууд, гүний уурхайн төслийн 34.3 хувийг эмэгтэй (гэрээт ажилтнуудыг оролцуулан), мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтны 23.2 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байгаа аж.

Хоёрдугаар улирлын байдлаар 740 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 390 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 68 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

2023 ОНЫ II УЛИРАЛД ОЛБОРЛОСОН ЗЭСИЙН ХЭМЖЭЭ 2022 ОНЫ II УЛИРАЛТАЙ ХАРЬЦУУЛАХАД 40 ХУВИАР ӨСЧЭЭ

2022 оны хоёрдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.40%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны хоёрдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 40 хувиар өсчээ.

Энэ улиралд 1.56 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.41 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан байна.

Панель 1 болон 2-ын техникийн судалгааны ажил хоёрдугаар улиралд дуусчээ. Үйл ажиллагаа урагшилснаар 2028-2036 оны хооронд нэг жилд дунджаар 500 мянган тонн хүртэлх зэс олборлох юм байна.

Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар нийт 54 хүдэр буулгуурыг Панель 0 түвшинд тэсэлсэн бөгөөд тэдгээрийн 18-г энэ улиралд тэсэлжээ. Одоогоор гүний уурхайд хүдэр олборлох юүлүүр болон хүдэр авах цэг хаагдсан тохиолдол гараагүй аж.

Гүний уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, зургадугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 627 болон 740 метрт хүргэжээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.

Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөхөөр байгаа (өмнө нь 2024 оны нэгдүгээр хагаст төлөвлөгдсөн байсан) юм  байна. Өөрөөр хэлбэл, уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртжээ.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажил эхлэн, гол гүйцэтгэгч компани тавдугаар сард ажлаа эхлүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан “Оюу толгой” ХК-иас 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг долдугаар сарын 8-ны өдөр ОБЕГ-т хүлээлгэж өгчээ. Үүнд, цагт 3600 тн ус сорох төхөөрөмж 2 ширхэг, цагт 72 тн усыг 100 метрийн зайд зайлуулах хүчин чадал бүхий 6 ширхэг төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг тоног төхөөрөмж багтсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу