Наймдугаар сарын 2-ны шөнийн 01.00 цагт Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 болон 13-14 километрийн хооронд уулын ус бууж, зам дээгүүр давж үерлэжээ.  

Өнөөдөр (2023.08.02) өглөөний 07.30 цагийн байдлаар улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-т Нарийн гүүрийн хөдөлгөөнийг хаагаад байгаа тул дээрх чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж, эвдрэл үүссэн байдалтай байна. Уг замд Баянхонгор чиглэлээс суудлын 30 автомашин, 3 автобус, ачааны автомашин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Үерт боогдсон автомашиныг татаж гарган, иргэдийг аюулгүй газарт шилжүүлж байна.

Тус аймгийн Онцгой комисс болон цагдаагийн байгууллага, бүсийн инженер Д.Отгонбаяр тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Иймд иргэдэд түр зуур орсон борооны дараа үүссэн үерийн усыг автомашинтай болон явганаар гатлахгүй байхыг онцгой анхааруулж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу