“Найман ишигний” гэх олон тооны мал хулгайлсан хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2023.08.02) 10:00 цагт Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын байранд эхэллээ.

Шүүх хуралдааныг бид шууд дамжуулж байна. 

               


16:37 ЦАГ: 

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж байна. Өндөр настан Б.Даариймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Ингэснээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх юм. Мөн хэргийг тусгаарлахгүйгээр бүхэлд нь буцааж, хэргийг дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Гэрэлзаяа, Х.Төмөр, Б.Даариймаа нарыг суллалаа.

Өөрөөр хэлбэл, тэднийг цагдан хорихгүйгээр хувийн баталгаа гаргав.

Үндэслэл нь, Анхан шатны шүүх хохирогч болон гэрчийн мэдүүлгийг харгалзахгүйгээр Б.Гэрэлзаяа, Б.Даариймаа нарын мэдүүлгийг л харгалзан шийдэж, Б.Даариймааг цагаатгасан гэж үзжээ. 

15:08 ЦАГ: 

Шүүх хуралдаан түр завсарлалаа. Шүүгч шийдвэрээ гаргаж байна.

14:30 ЦАГ:

Шүүгч шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Гэрэлзаяа, Х.Төмөр, Б.Даариймаа нараас хэлэх үг байгаа эсэхийг асуув. Б.Гэрэлзаяа, Х.Төмөр нар үг хэлэхгүй гэлээ. 

Харин Б.Даариймаа “Эрэвгийлхамын өгч байгаа мэдүүлэг үнэхээр шударга бус худал байна. Ганц хохирогчийн мэдүүлгээр шүүх хэргийг шийдсэн. Хүүхдүүд нь ирэхээр “Миний хүүхдүүд ороод малаа хар аа. Мөн бол ав. Эздийг нь ирэхээр өгье” гэсэн. Гэтэл “Малаа харах гээд очтол Даариймаа хөгшин элдэв үгээр дайрч, харуулсангүй” гэж мэдүүлсэн байгаа юм. Эрэвгийлхамын ярьж хэлж байгаа нь арай хэтэрхий байна. Дараа нь өөрөө ирээд хашаа дээгүүр үсэрч ороод 48 малаа ирээд тоолоод авсан. Бусдын хашаан дотор дэндүү муухай бүдүүлэг загнасан. Миний хүүхдүүдийг хэтэрхий гүжирдэж байна. Намайг мөнгө угаасан гэнэ. 80 гарчихаад би мөнгө угаагаад сууж байх уу. Надад үнэхээр хэцүү байна. Болдог бол амиа хорлочихмоор байна” хэмээв.

11:30 ЦАГ:

Б.Гэрэлзаяа, Х.Төмөр, Б.Даариймаа нарын өмгөөлөгч О.Батсүх: Б.Гэрэлтуяа, Х.Төмөр нар 2021 оны тавдугаар сараас эхлэн малчин болохоор шийдсэн. Улмаар тэд фэйсбүүкээр зар тавьж айлуудаас олон тооны мал худалдаж авсан байдаг. Гэвч хүмүүсээс худалдаж авсан малаа ямар зүстэйг сайн мэдэхгүй учир н.Эрэвгийлхамын малыг өөрсдийн малтай нийлснийг мэдээгүй. Х.Төмөр саахалт айлын байтугай хүмүүсээс худалдаж авсан өөрийнхөө авсан малыг ч ялгахгүй. Тийм учраас худалдаж авсан малуудаа жигдрүүлэхийн тулд нэг өнгөөр будсан.

Саахалт айл нь малаа сураглаж ирэхэд өөрт нь мал худалдсан хүнийг байлгаж байгаад өгье гэж хэлсэн. Энэ нь Х.Төмөрийн мэдүүлгээр нотлогдоно.

Тухайн үед айлын мал нийлснийг анзаараагүй, хамт будсан. Мал нийлсэн нь авч байгаа үйлдэл юм уу. Шүүх үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсье.

11:00 ЦАГ:

Прокуророос Х.Төмөр, Б.Гэрэлзаяа нарт холбогдох ялыг хэвээр үлдээж, Б.Даариймаагийн хэргийг цагаатгасныг хүчингүй болгох санал гаргалаа.

10:30 ЦАГ:

“Найман ишигний” гэх хэргийг н.Дэнсмаа, н.Болормаа, н.Ганзориг нарын гурван шүүгч дэнсэлж байна.

Хэргийн хохирогч гэх н.Болдбаатар, н.Эрэвгийлхам нар шүүх хуралдаанд оролцсонгүй. Харин шүүгдэгч Б.Гэрэлзаяа, Х.Төмөр, цагаатгагдсан Б.Даариймаа нар оролцож байна.

10:00 ЦАГ:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин н.Гэрэлзаяа, н.Төмөр гэх эхнэр, нөхөр хоёрт олон тооны мал хулгайлсан хэргээр 2-2.6 жилийн хорих ял оноосон билээ. Тэд одоогоор ял эдэлж байгаа бөгөөд ард нь ой хоёр сартай хүүхэд, 80 настай буурай болон өсвөр насны гурван хүүхэд үлдсэн юм.

Хэргийг шүүхээс тайлбарлахдаа “Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр, нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан…” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэв.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд, тус иргэдийг олон тооны мал хулгайлсан хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгч нарыг найм бус 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ийн 3 бүдүүн хонь, нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн 8 тооны ишгийг “Портер”-оор тээвэрлэн, Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон” гэсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу