АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дөрвөн зүйл ангиар буруутгаж буй бөгөөд наймдугаар сарын 3-ны өдөр Холбооны шүүхэд дуудсан байна.

Шүүхийн баримт бичигт дурдсанаар, тангарагтны шүүгчид “АНУ-ыг залилан мэхлэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан”, “гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн”, “Америкийн иргэдийн эрхийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан”, мөн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулахыг оролдсон” хэрэгт гэм буруутайг нотлох хангалттай баримтуудыг цуглуулжээ.

Түүнчлэн Трамп болон түүний хамсаатнуудыг “Капитолд халдаж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдсон” хэрэгт буруутгаж байгаа талаар баримт бичигт дурдсан байна.

Трамп наймдугаар сарын 3-нд орон нутгийн цагаар 16:00 цагт Колумбын Метрополитан дүүргийн Холбооны шүүхэд ирэх ёстой аж.

Тусгай зөвлөх Жек Смит Трампыг дээрх зүйл ангиудаар буруутгаж буйг баталжээ. Тэрбээр “Өнөөдөр яллах дүгнэлт гарлаа. Энэ нь Дональд Трампыг АНУ-ын эсрэг залилан мэхлэх, зарим иргэдийн эрхийг хасч, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон хэрэгт буруутгаж байна” гэж хэлсэн байна.

Смит Мягмар гарагийн орой АНУ-ын Хууль зүйн яаманд Трампыг гэмт хэрэгт буруутгаж байгаатай холбогдуулан товч мэдэгдэл хийж, “2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр манай улсын Капитол руу хийсэн халдлага нь Америкийн ардчиллын түүхэнд байгаагүй халдлага байв” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессыг хамгаалсан хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг баатрууд, эх орончид хэмээн нэрлэсэн байна. Смит, түүний ажлын алба Трампад холбогдох хэргийг шүүхээр хурдан шуурхай шийдвэрлүүлэхээ мэдэгджээ.

Тэрбээр “Энэ тохиолдолд манай ажилтнууд шүүх хурлыг шуурхай явуулахыг шаардаж, нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч, тангарагтны шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоолгоно. Хэрэгт холбоотой бусад хүмүүсийг шалгаж байна” гэж хэлснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу