Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи нар 18 жил ханилсаны эцэст албан ёсоор хоёр тийш болж байгаагаа зарлав. Трюдо твиттер хуудастаа “Софи бид хоёр удаан бодож, ярилцсаны эцэст салах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна” гэж жиргэжээ.

Өдгөө 51 настай Ерөнхий сайд “Бид урьдын адил бие биенээ хайрлан, хүндэтгэсээр байх болно. Бүхнийг хамтдаа бүтээн босгосон, цаашид ч бие биенээ халамжилж, ойр дотно байх болно” гэж бичсэн байна.

Түүний ажлын албанаас “Хосууд гэр бүл цуцлуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан” гэж мэдээлжээ. Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас “Тэд гаргасан шийдвэртэй холбогдуулан хууль эрх зүй болон ёс зүйн хувьд шаардлагатай бүхий л зүйлийг баталгаажуулсан” гэж мэдээлсэн байна.

Жастин Трюдо “Үр хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө бидний болон тэдний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсч байна” гэжээ. Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Софи насанд хүрээгүй гурван хүүхдээ үргэлжлүүлэн өсгөх юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу