Өчигдөр буюу наймдугаар сарын 2-нд Ховд аймгийн Манхан, Зэрэг сумдад автомашин үерийн усанд урсаж, боогдох үеэр 54 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй амиа алджээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. 

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид 06:00 цагт шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар 2 гэр, 1 автомашин /2 зорчигчтой/ үерийн усанд урссан тухай дуудлагыг 08.02-ны 23:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б/45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу