Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагийн орчимд Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болсон байна.

Ар гэрийнхэн нь эрэн хайсан ч олдоогүй бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй хэмээн наймдугаар сарын 3-ны 10:36 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н (33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн), Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн (эргээс 14 метр)-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн (эргээс 15 метр)-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж гарган, Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу