АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр гишүүнийг Хятадад цэргийн нууц мэдээлэл өгч, үндэсний аюулгүй байдалд халдсан хэрэгт буруутган баривчилжээ.

Тус улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн прокурорын туслах Мэтт Олсен өнгөрсөн Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Тэдний үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас АНУ-ын тэнгисийн цэргийн нууц мэдээллүүд БНХАУ-ын гарт орсон.

Хятад улс АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж, манай хуулийг зөрчөөд зогсохгүй хор хөнөөлтэй хүчин чармайлтаараа хэнийг ч дагуулахгүй юм” гэж хэлсэн байна.

Яллагдагчаар татагдсан гишүүд нь Жинчао Вэй, Томасаас гаралтай, 26 настай Вэнхен Жао нар аж. Хоёр далайчин АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд ажиллаж байхдаа тус тусдаа нууц мэдээлэл цуглуулж, Хятадын тагнуулуудад өгдөг байсан талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

АНУ-ын Калифорнийн өмнөд дүүргийн прокурорын газраас Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд “Далайчин Жинчао Вэйг өнгөрсөн Лхагва гарагт Сан Диегогийн тэнгисийн цэргийн баазад ажиллахаар ирэхэд нь баривчилсан” гэж дурдсан байна.

Вэнхен Жаогийн хувьд Калифорниа дахь Порт Хуенеме дахь Вентура мужийн тэнгисийн цэргийн баазад ажиллаж байжээ.

Мэтт Олсон “БНХАУ манай улсын батлан ​​хамгаалахад чухал ач холбогдолтой мэдээллийг ямар ч аргаар хамаагүй олж авах хүсэлтэй байгааг эдгээр үйлдлүүд харуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Бага офицер Вэнхен Жаог АНУ-ын цэргийн нууц мэдээллийг агуулсан гэрэл зураг, видео бичлэгийг Хятадын талд өгч, хариуд нь 15000 орчим ам.доллар авсан, хуйвалдаан зохиож, хээл хахууль авсан гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний далайчин Жинчао Вэйгийн нас тодорхойгүй байгаа бөгөөд олон мянган ам.доллар авч, оронд нь үндэсний батлан ​​хамгаалахын нууц мэдээллүүдийг Хятад руу илгээхийг завдсан хэрэгт буруутгагдаж, мөрдөн шалгах ажиллагаа  үргэлжилж буй юм байна.

Эх сурвалж: ALJAZEERA, REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу