Мэдсэн ч мэдээгүй мэт нүдээ анин өнгөрүүлж ирсэн авлига албан тушаалын хэрэгт хатуу хариуцлага тооцох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдэгдсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа. Эрх баригч намын даргын хувьд маш олон журмын нөхөд, маш олон найз нөхөд, магадгүй хамаатан садантайгаа хийх тэмцлээ ийнхүү эхлүүллээ гэж харж байна. Маш олон найзаасаа, журмын нөхдөөсөө нүүр буруулах шаардлагатай болно. Нэг үгээр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ гал атган авлигатай тэмцэхээр болов. Түүний цэвэрлэгээ мөр зэрэгцэн суугаа танхимын сайд нараасаа эхлэх хэрэгтэй. Хуулийн байгууллагаар үнэн мөнийг нь тогтоолгож, үүрэх хариуцлагыг нь тооцуулж явах хэрэгтэй. Хэн нэгнийг анд минь, хамтран зүтгэгч минь, намайг дэмждэг тэр минь гэж хаацайлалгүй халуун чулууг нь атгуулаад хуулийн дор тэгш байх зарчмыг хэрэгжүүлж эхлээрэй. Монгол Улсад мөрддөг бол хангалттай хууль эрх зүйн орчин, Үндсэн хууль нь байна. Хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, иргэдийнхээ итгэлийг бүү алдаарай.

Хамт мөр зэрэгцэн сууж байгаад хулгай хийдэг сайд нар маш олон байгааг иргэд, хэвлэл мэдээллийнхэн ярьдаг, бичдэг, нотлодог. Харин шүгэл үлээсэн хэвлэлийнхэнийг цагдаа, шүүхээр далайлгаж дарамтлах гэж зүтгэдэг. Хэвлэлийнхэнийг яллаж санаа нь амардаг эрх мэдэлтнүүдээс хол байгаарай. Хэвлэл мэдээллийг ялладаг бус дэмждэг, тэдний баримт дээр тулгуурлан хуулийн байгууллага ажилладаг ийм л төрийг бий болгоорой. Одоо л тэднийг шүүрдэх цаг. Одоо тал тохой татаж ганцхан удаа авлигач, хулгайч нарт боломж олговол бусдаасаа ялгарахгүй ард түмнийхээ дунд яг ижилхэн шошго зүүсэн шогийн нэг Ерөнхий сайд болж үлдэнэ. Найз нөхөд, намынхан чинь авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон бол харин жинхэнэ шогийн байгаарай.

Шүүрэнд торолгүй үлдэх гэж авлигач нар, хулгайч нар өдөр бүр, цаг хором бүрд өөрт чинь амь дүйсэн зурвас илгээж, уулзах гэж хичээх болно. Энэ бүхэнд битгий толгой дохиорой. Хэн нэгэнд жаахан боломж олговол чамд итгэсэн иргэдийн итгэл салхинд туугдах хамхуул мэт хийсэн одно. Хэн ч биш Ерөнхий сайд, хэн ч биш утсан хүүхэлдэй МАН-ын дарга байх уу гэдэг сонголтыг өөрөө хийх цаг боллоо.

Хамтран зүтгэгч нар чинь харааж, зүхсэн ч халширч бүү зулраарай. Хойтон болох сонгуулиа бодож намын санхүүжилтдээ санаа зовж хэн нэгний толгойг бүү илээрэй. Шударга ёсны тэмцэл шударга явбал ард түмэн чинь тэдэнтэй, тэдэнгүй өлгийдөөд авна. Зөв алхаад л байвал, зөв хуулийг хэрэгжүүлээд л байвал хөгжил буурай улс чинь хөгжих боломжоор дүүрэн байна.

Монгол мөнгөгүйдээ бус хулгай нүүрлэсэндээ хөгжихгүй байна. Хэдэн үеэрээ улсыг тоносон эрх мэдэлтнүүдээс болж хөгжихгүй байна. Наана нь байгаа тамхины утааг үлээгээд, цаана нь байгаа зүйлийг олж хараарай. Жинхэнэ эх оронч, жинхэнэ хулгайч, авлигачдыг тос усаар нь ялгаад аваарай, Ерөнхий сайд аа…

Э.БОЛД