Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороонд буюу Дарь-Эх, Монель орчимд үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 6870 орчим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан. Одоогийн байдлаар 3184 орчим хэрэглэгчийн цахилгааныг эргэн сэргэжээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас  мэдээлснээр, 3686 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан хэвээр байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахаар 70 орчим алба хаагч, 20 машин механизмтай шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа аж.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын ус үерлэн барилгын хогтой бууж ирснээс үүдэн явган хүний зам, авто замын хашлага эвдэрч сүйдэн, их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж орсон байна.

Аадар бороо орж эхэлснээр машинууд бөглөрч, хоёр минутын дотор хуйларсан ус бууж ирэн, машинуудыг авч явсан гэж иргэд ярьж байлаа. Уулын дөрвөн амны ус нийлж үерлэн буув. Энэ нь 1982 оны үерээс даруй хоёр дахин их хүчтэй байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Усны өндрийн түвшин 1.6 метр байжээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Энд суурьшлын бүс байдаггүй байсан. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс бий болж, газар олгож, голын голдирол хааж барилга байшин барьсан. Үерийн улмаас 150 метр газарт хоёр метр орчим өндөр шороо дүүрсэн” гэв.

Тус уулын ус үерлэн буусан газарт үерийн далан байдаг, тэр нь Сэлбэ голтой нийлдэг ч барилгын хог шороо дүүрч, ус зам руу хальжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу