Дэлхийн түүхэнд XX зуун хүртэлх хугацаанд голын үер давамгайлах хандлагатай байсан бол XX зууны дунд үеэс суурьшил эхэлсэнтэй холбоотойгоор гадаргын усны үерийн тоо ба хөнөөлийн хэмжээ тасралтгүй нэмэгдсээр иржээ.

Үерийн тухай статистик мэдээллээс харвал, байгалийн гамшгийн 40 хувь нь үер байна. Сүүлийн 100 жилд үерийн улмаас 6.8 сая хүн амь насаа алджээ.

Жилд 9.7 сая хүн үерт автаж, 18600 хүн амь насаа алдаж, 6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирдаг байна.

Дэлхийд тохиосон хамгийн том гамшигт үерээс дурдвал, 2011 онд Австралид нүүрсний олборлолтоороо тэргүүлдэг Күинслэнд мужид тохиолдсон үерийн улмаас тус мужид олборлолт явуулдаг “Рио Тинто”, “Xsastra”, “Vale” зэрэг компанийн бүх талбайн ажил зогсонги байдалд орж байжээ.

2016 онд Чилид олон хоног орсон аадар борооны улмаас дэлхийн хамгийн том зэсийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа тасалдсан аж. Энэ үеэр жилд 880 мянган тонн олборлолт явуулах хүчин чадалтай зэсийн хоёр том уурхай усанд автаж хаагджээ.

Англи-Америкийн хамтарсан “Plc” компанийн олборлолт явуулдаг “Los Bronces”, “El Soldado” уурхай үерт автсаны улмаас олборлолтоо зогсоож байсан аж. Түүнчлэн дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч “Codelco” компани “El Teniente” далд уурхайн олборлолтоо зогсоосноор  гурав хоногт 5000 тонны алдагдал хүлээжээ.

Монгол Улсын хувьд зуны улиралд ордог түрхэн зуурын аадар борооны улмаас Улаанбаатар хотын гудамжууд усанд автдаг. Энэ нь ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй, үерийн эрсдэл бодитоор оршин байгааг харуулж буй юм.

Доктор П.Гомболүүдэвийн мэдээлснээр, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй, өөрчлөлт одоогийн хурдаар явагдвал энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн дундаж температур 9 градусаар нэмэгдэж, Монголын хувьд 6-7 градусаар дулаарах төлөвтэй байгаа аж.

Мөн дундаж температурын 6-7 градусын дулаарал, түүнээс хэд дахин илүү гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй юм байна. Дунд тооцооллоор явбал Монгол орны нутаг дэвсгэр 3-4 градусаар дулаарах нь. Хамгийн багаар бодвол, 2-3 градуст барих тооцоолол гарсан байдаг ажээ.

Хур тунадасны хувьд өвлийн цас 50 орчим хувиар нэмэгдэх нь. Зуны хур тунадас мөн 10 орчим хувиар нэмэгдэх ч илүү хуурайших нөхцөл байдал бий болно гэсэн ерөнхий тооцоог агаар мандлын динамик загвар дээр үндэслэн гаргажээ.

Түүхийн хуудсыг сөхвөл, нийслэлд 1966 онд үерийн гамшиг нүүрлэснээс хойш 55 жил өнгөрчээ. Байгалийн гамшигт үзэгдэл тодорхой хугацааны давтамжтай байдаг гэж үздэг. Үерийн гамшиг болсноос 50-70 жилийн дараа дараагийн гамшиг болно гэж тооцоолдог байна.

Тухайн бүс нутагт эрсдэлийн тоо жил ирэх тусам нэмэгдвэл гамшиг ойртож байна гэсэн дохио болдог ажээ. Үүгээр тооцоолж үзвэл, Монголд гамшиг ойртсон гэж үзвэл ард, иргэд, аж, ахуйн нэгжүүд болзошгүй аюул, ослоос сэргийлсэн бэлтгэл, мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Чинбатын мэдээлж байснаар, нийслэл хотын дийлэнх хэсэг үерийн аюултай бүсэд хамаардаг байна.

Үер, усны аюулын эрсдэл нэмэгдэхэд цаг агаарын өөрчлөлтөөс гадна хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл, нягтаршил харьцангуй хурдацтай өсөж, суурьшлын бүсийн төлөвлөлт алдагдсан нь эрсдэлийг улам нэмэгдүүлжээ.

Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд үерийн хамгаалалтын далан, суваг, усны буулт бүхий газруудыг хааж барилга байгууламж барих зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд барилга байгууламж, орон сууцны зоорийн давхар усанд автах явдал маш их болсон. Зоорийн давхар байнга усанд автсанаар барилгын чанарт нөлөөлж, хэврэгших шалтгаан болохыг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Үер усны гамшиг хэдхэн секундын дотор ямар хохирол учруулж болдгийг өнгөрсөн өдрүүдэд харууллаа. Харамсалтай нь, харсаар, мэдсээр байгаа хэрнээ иргэд аялал зугаалга, амралтаа чухалчилсан хэвээр л байна.

Байгалийн гамшиг хэлж биш, хийсэж ирдэг шүү дээ, хүмүүс ээ…

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу