Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер бууж, 282 айл өрх гамшигт өртөөд буй. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар замбараагүй газар олгоход оролцсон хорооны Засаг дарга нарыг ажлаас нь халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авахаа хэллээ.

Тэрбээр “Газрын замбараагүй олголтууд, ялангуяа хороо нэгжид газар олгож байгаа асуудлуудыг эцэслэх ёстой. Үер буусан жалгын эхэнд тоосгоны үйлдвэрүүд байна. Тэд жалгын эхэнд барилгын хог хаяж, гуу жалгыг нарийсгаж, дунд нь үерийн битгий хэл ус урсахааргүй болгосон байна. Ингэж өөрсдөдөө ашигтай байдлаар үйлдвэр үйлчилгээний чиглэлээр бусад иргэдэд газар зарж байгаа нь ил болсон.

Үүнийг яаралтай цэгцлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх даргад үүрэг болгож байна. Лхагва гараг гэхэд энэ асуудлыг цэгцэл. Дүүргийн газар зохион байгуулалтын алба, хорооны Засаг дарга нар үүнд оролцоотой бол хариуцлага тооцож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй. Ажлаас халсны дараа эрүүгийн нөхцөл байдал үүсвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу