Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ хамтран Швецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 дүүргийн ИТХ-н 30 төлөөлөгчдөд “Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нээж, төлөөлөгчид сургалтын дараа тухайн нутаг дэвсгэртээ төсөл хэрэгжүүлэх, иргэдийн санаа бодлыг нээлттэй сонсох, хүний эрхийн асуудлаарх өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийг зорьж байгааг онцлов. “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа, “Хүний эрхийг хангах төрийн үүрэг” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын Ахлах шинжээч С.Рэгзэн, “Дэлхийн хотуудад тулгамдсан хүний эрхийн асуудал, шийдвэрлэсэн сайн туршлага” сэдвээр Төслийн мэргэшсэн зөвлөх, хот төлөвлөгч О.Мөнгөнтуяа, “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, чиг хандлага” сэдвээр “ЛГБТ төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Энхмаа, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хангах нь” сэдвээр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр нар сургаж, нийгэм, эдийн засгийн шинжтэй бодлогын асуудлаар “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сургалтаар хүний эрхүүдийг эрэмбэлэх боломжгүй; нийгэм, эдийн засгийн эрхийг хангаагүй бол улс төр, иргэний эрхээ эдлэх боломжгүй; иргэдийн идэвхтэй оролцоо эрх, эрх чөлөөг эдлүүлэхтэй шууд хамааралтай; нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн бүлгийг заавал татан оролцуулах; бодлого боловсруулагчид нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхдээ олон талт төлөөллийг тэгш хамруулах;, тэгш боломж олгох, зүй ёсоор, шударга хандах; Тогтвортой хөгжлийг зорилго хэрэгжүүлэхэд хотын оруулах хувь нэмэр их чухал; хэнийг ч ардаа үлдээхгүй хөгжихөд манлайлагч, шийдвэр гаргагч байнга анхаарах; бодлогын циклийн шат бүрд иргэний нийгмийн оролцуулж, эгэх хариуцлагатай байх нь шийдвэр биелэх, хүний амьдралд үр өгөөжөө шууд өгдөг болохыг онцолж байлаа.