Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар замбараагүй газар олгоход оролцсон хорооны Засаг дарга нарыг ажлаас нь халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авахаа хэлсэн. Улмаар энэ асуудлыг яаралтай цэгцлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд даалгав. 

Тодруулбал, тэрбээр “Газрын замбараагүй олголтууд, ялангуяа хороо нэгжид газар олгож байгаа асуудлуудыг эцэслэх ёстой. Үер буусан жалгын эхэнд тоосгоны үйлдвэрүүд байна. Тэд жалгын эхэнд барилгын хог хаяж, гуу жалгыг нарийсгаж, дунд нь үерийн битгий хэл ус урсахааргүй болгосон байна. Ингэж өөрсдөдөө ашигтай байдлаар үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр бусад иргэдэд газар зарж байгаа нь ил болсон.

Үүнийг яаралтай цэгцлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх даргад үүрэг болгож байна. Лхагва гараг гэхэд энэ асуудлыг цэгцэл. Дүүргийн газар зохион байгуулалтын алба, хорооны Засаг дарга нар үүнд оролцоотой бол хариуцлага тооцож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Ажлаас халсны дараа эрүүгийн нөхцөл байдал үүсвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэсэн юм. 

Үерт Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 282 айл өртсөн гэж албаныхан мэдээлсэн. Эдгээр хороодын Засаг дарга нарыг ажлаас нь халж, эрүүгийн хариуцлага тооцох эсэх нь олны анхаарлыг татаж байна. 

Өдгөө хороодын Засаг даргаар хэн хэн ажилладаг талаарх мэдээллийг хүргэе. 

  • Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг даргаар Н.Эрдэнэзаяа,
  • Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг даргаар Г.Ганбилэг,
  • Баянзүрх дүүргийн 29-р хорооны Засаг даргаар Б.Нямдорж нар ажиллаж байна. 

Гамшиг нүүрлэсэн энэ цаг үед тэд бүгд үерийн голомтод ажиллаж байгаа бололтой. Тухайлбал, 27-р хорооны Засаг дарга Г.Ганбилэг үерийн улмаас гэртээ байх боломжгүй болсон иргэдийг 127-р сургууль дээр хүлээн авч ажиллаж буй талаараа хорооныхоо фейсбүүк группт нийтэлжээ. 

Иргэд замбараагүй газар олголтын улмаас одоогийн гамшиг нүүрлэсэн гэж үзэж байгаа бол зөвхөн одоогийн дарга нарыг буруутгах нь өрөөсгөл. Энэ нь үе үеийн Засаг дарга нар, газрын албаныхантай ч холбоотой асуудал юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу