Пакистаны цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус улсын өмнөд хэсэгт галт тэрэг замаасаа гарч унасны улмаас 30 хүн амиа алдаж, 100 хүн гэмтэж бэртжээ.

Хамгийн том Карачи хотоос 275 км (171 миль) зайд орших Навабшах дахь Сахарын галт тэрэгний буудлын ойролцоо Хазара экспрессийн хэд хэдэн вагон онхолдсон байна.

Гэмтэж бэртсэн зорчигчдыг ойролцоох эмнэлгүүдэд хүргэж, аврах багийнхан осолд өртсөн хүмүүсийг гаргахаар ажиллаж байгаа аж. Пакистаны хуучирсан төмөр замд ослын тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тус улсын Төмөр замын сайд Саад Рафик “Мөрдөн байцаалтын явцад галт тэрэг хэвийн хурдтай явж байсныг тогтоосон. Гэвч юунаас болж замаас гарсан болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж хэлжээ.

Карачи хотын төмөр замын хэвлэлийн төлөөлөгч хэлснээр, дор хаяж найман вагон замаас гарсан байна. Орон нутгийн “Geo” телевизийн мэдээлснээр, зарим хүмүүс галт тэрэг дотор түгжигдсэн хэвээр байгаа ажээ.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгүүдэд, ослын газар хэдэн арван хүн байгаа бөгөөд зарим зорчигчид онхолдсон галт тэргүүдээс гарахыг оролдож байгаа нь бичигдсэн байна.

Синдх мужийн Мэдээллийн сайд Шаржэл Мемон BBC News-т “Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол “бидний бүх анхаарлаа хандуулж буй аврах ажил” гэж хэлсэн байна.

2021 онд Синдх мужид хоёр галт тэрэг мөргөлдөж, 40 гаруй хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртэж байжээ.

2013-2019 оны хооронд мөэ галт тэрэгний ослын улмаас 150 хүн нас барсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу