Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглосон Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж болон бусад гурван бөхөд “ёс зүйгүй авирласан байж болзошгүй” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа ажээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.28.1-д “Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Үүний дагуу ёс зүйгүй авирласан байж болзошгүй бөхчүүдээс хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс тайлбар авахаар дуудсан байна.

Даян аварга Н.Батсуурь наймын даваанд улсын гарьд цол хүртсэн Ц.Бямба-Отгонд унасны дараа “Салаавч гаргалаа” гэж иргэд буруутгасан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа аж.

Үндэсний их баяр наадмын гурван даваанд улсын харцага Л.Лха-Очир, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, аймгийн арслан П.Эрхэмжаргалтай барилдсан. Улсын харцага даваагаа ахиулсан энэ барилдааны дараа аймгийн арслан Л.Лха-Очирыг түлхэж биед нь халдсан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд тахим авахдаа цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүү рүү тохойлдсон, улсын заан Б.Батмөнх төрөлх Төв аймгийнхаа баяр наадам, 100 жилийн ойд зодоглон улсын начин Д.Хүдэрбулгад өвдөг шороодож үзүүрлээд, элдэв хараал хэлж, зүлэг ногоон дэвжээгээ цохиж буй үйлдлийг шалгаж буй юм байна.

Өвөрхангай аймгийн начин М.Балжинням сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдаж даваад өшиглөсөн, тахим авахдаа нидэрч, биед нь халдсан бичлэг цахимаар тарсан. МҮБХ аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг гурван жил хассан бөгөөд хууль, шүүхийн байгууллагаас Зөрчлийн хуулиар ч хариуцлага хүлээлгэж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу