Үерийн гамшигт өртсөн иргэд хүүхдүүддээ хэрхэн анхаарах талаар “Арвис” ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч А.Мишээлтэй ярилцлаа. 

Гамшигт олон айл өрх өртөж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Ийм үед үерт өртсөн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд ордог тул бид мэргэжлийн хүнээс тодруулахыг хүссэн юм.


-Үер усны гамшигт өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүй хэр өөрчлөгддөг вэ? Ирээдүйд үүсэх сөрөг нөлөө гэж бий юу?

-Сөрөг нөлөө бий. Хүүхдийн сайн сайхан байдал гэдэг бол дан ганц бие махбод биш. Тэдний сэтгэл зүйд онцгой анхаарах хэрэгтэй. Эд материал, хөрөнгийн хохирлыг яаж ийгээд даван туулна. Харин хүүхдэд үлдэж байгаа сэтгэлийн шарх, гэмтэл насан туршид нь үлдчихдэг. Цаашлаад сэтгэл зүйн асуудал үүсгэх эрсдэлтэй.

Тухайлбал, үерийн гашгийн энэ үед хүүхэд сэтгэл зүйн гэмтэл аваад, түүнийгээ арилгаж чадахгүй, ээж аав, асран хамгаалагч нь ч тоохгүй орхисон тохиолдолд тухайн хүүхэд насанд хүрснийхээ дараа бороо орох, зуны улирал болох зэрэгт айдастай болдог. Мөн нойргүйдэлтэй болох магадлалтай. Тиймээс эцэг, эхчүүд маань энэ үед хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарах нь маш чухал.

Үүнийг сонсоод зарим хүн шүүмжилж, “Үер усны гамшигт нэрвэгдээд, эд хөрөнгөөрөө хохирчихоод байхад яаж хүүхдээ анхаарах юм бэ” гэж бодож магадгүй. Хүүхдээ урт хугацаандаа, ирээдүйд сайн сайхан байлгахыг хүсэж байгаа бол сэтгэлзүйд нь зайлшгүй анхаарах шаардлагатай. 

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд хэрхэн анхаарах талаар тодорхой зөвлөгөө өгөхгүй юу? 

-Дөрвөн зөвлөгөө хүргэе.

Нэгдүгээрт, Хүүхдийн сэтгэл зүйн байдал эцэг, эхийнхээс маш их хамаардаг. Хамт байх үедээ аав, ээжийнх нь сэтгэл санаа ямар байгааг хүүхэд мэдэрч байдаг. Улмаар түүнийг өөртөө тусгадаг. 

Тэгэхээр хүүхдийнхээ сэтгэл санааг тайван, тогтвортой байлгахыг хүсэж байвал эцэг, эхчүүд өөрсдөө тайван байх хэрэгтэй. Мэдээж гамшгийн үеэр тайван байна гэдэг маш хэцүү асуудал. Тиймээс бодол санаагаа цэгцлэх, хэн нэгэнтэй ярилцах зэргээр өөрийн мэдрэмжээ гадагшлуулах нь зүйтэй.

Хоёрдугаарт, хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцаж, ярилцах хэрэгтэй. Ер нь аливаа гамшгийн үед хүүхэд орхигдчихоод байдаг. Хүүхэд айж, сандарсан байгаа үед ээж, аав нь гэр орон, эд хогшлоо зохицуулахад анхаарч байдаг. Мэдээж аль болох л хичээж байна. Гэхдээ ийм үед хүүхдэдээ 5 минут зарцуулаад, “Миний хүүхэд яаж байна, ямар мэдрэмж төрж байна” гээд ярилцах хэрэгтэй. 

Гуравдугаарт, хүүхдэдээ үнэнийг хэлэх. Эцэг, эхчүүдийн нэг хандлага нь “Хүүхэд юм чинь юу мэдэх вэ дээ, олон юм ярихгүй байя” гэдэг. Гэтэл яг үнэндээ хүүхэд дотроо маш их зүйл бодож байдаг юм. 

Дөрөвдүгээрт, хүүхдээ оролцоотой байлгах хэрэгтэй. Тухайлбал, тэднийг асуудлынхаа дунд оруулж, “Удахгүй шинэ гэртэй болохоор яаж амьдрах вэ, чи ямар ор хөнжлийн даавуутай болмоор байна вэ” гэх мэтээр асууж, оролцоотой байлгах хэрэгтэй. 

Энэ мэтээр ярилцсанаар хүүхэд өөрийгөө гэр бүлийн асуудалдаа оролцож, хувь нэмрээ оруулж байна гэсэн мэдрэмж авдаг. 

Ярилцлагын төгсгөлд тэрбээр нэгэн хэрэгтэй мэдээллийг дуулгасан юм. Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл заслын үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа хэд хэдэн байгууллага бий аж. 

Та бүхэн ийм үйлчилгээ авахыг хүсвэл “Ариус”, “Медик” зэрэг сэтгэл заслын төвүүдийг зориорой. Мөн зарим дүүрэг, хороодод сэтгэл зүйч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа ажээ. Хан-Уул дүүрэгт гэхэд Насан туршийн хөгжлийн боловсролын төвийн сэтгэл зүйч үнэ төлбөргүй зөвлөгөө өгч буй юм байна.  

Х.ТҮШИГ

Видео хэлбэрээр үзэх: 

           

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу