Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах цахим тоглоомын газарт өчигдөр буюу (2023.08.07) “хүн бусдад хутгалуулсан” гэсэн дуудлага 22.00 цагийн үед иржээ.

Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсан бөгөөд 33 настай иргэн У-гийн биед 39 настай иргэн Б хутгаар нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан нөхцөл байдалтай байжээ.

Одоогийн байдлаар иргэн У-гийн биеийн байдал хэвийн байгаа аж. ЦЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар мэдээллээ.

ЭХЛЭЭД АНХААРУУЛЖ НЭГ, ДАРАА НЬ БИЕИЙН ЗӨӨЛӨН ХЭСЭГТ НЬ ХОЁР УДАА РЕЗИНЭН СУМААР БУУДАХ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд цагдаагийн байгууллагад бусдын эрх чөлөөнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, халдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход тухайн хэргийг үйлдсэн гэх этгээд хэргийн газраас зугтсан учир эрэн сурвалжилж, дуудлага ирснээс 30-40 минутын дараа Бөхийн өргөөний урд байрлах 22 дугаар байрны гаднаас хэргийг үйлдээд зугтсан иргэн Б-г олж тогтоосон. Тухайн иргэн хоёр гартаа хутга скочоор наасан байдалтай байсан.

Цагдаагийн алба хаагчийн хутгаа тавих шаардлагыг үл биелүүлж, тэрбээр “Би шийдсэн” гэдэг яриа гаргасан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ямар зорилгоор цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар 2 цаг хэлэлцээр хийсэн юм. Түүний тавьсан шаардлага цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй байсан учир албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага гарлаа.

Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага буюу резинэн сумтай буу ашиглан, тухайн этгээдийг дайчлан баривчилсан. Энэ тохиолдолд буун дуу гарлаа хэмээн олон нийт шуугиж байна. Энэ нь цагдаагийн алба хаагчийн хэрэглэсэн резинэн сумтай буун дууны чимээ байсан юм.

Хутгаа тавих шаардлагыг биелүүлээгүй тул галт зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгийг хэлье. Резинэн сумтай бууг хэрэглэсний дараа иргэн Б-д эрүүл мэндийн үзлэг шалгалт хийлгэхэд биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах эрх бүхий цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн болно.

Иргэн Б өөрийн бага насны хүүхэдтэйгээ уулзана гэсэн шаардлага тавьсан. Бидний зүгээс хүүхэдтэй нь уулзуулж болно, гартаа барьсан балиус болон жижиг, халаасандаа байгаа хутга зэрэг гурван төрлийн хутгыг салгах шаардлага тавихад хүлээж аваагүй.

Ноцтой гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан, 13 дугаар хорооллын ойр орчмын оршин суугчдын биед халдаж болзошгүй байсан, цагдаагийн алба хаагчийг өөртөө ойртуулахгүй байсан зэрэг нь албадлага хэрэглэх хангалттай үндэслэл байсан учир уг аргыг хэрэглэлээ.

Иргэн Б өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээд. Тухайн үед сэтгэлзүйн байдал маш тогтворгүй байсан учир иргэд болон цагдаагийн алба хаагч, өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүднээс резинэн буутай сум хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, хувь хүний нууцтай холбоотой учир овог нэр, ямар хэргээр ял эдэлж байсан тухай мэдээлэл өгөх боломжгүй.

Эхлээд анхааруулж нэг удаа хий буудах, дараагийн удаад тухайн иргэний биеийн зөөлөн хэсэгт резинэн сумаар хоёр удаа буудах үйлдэл хийсэн. Түүний гэр бүл болон ээжтэй нь биечлэн уулзсан. Гэмтэл, ноцтой хор учруулаагүйг тэд хэлсэн. Тухайн орчмын оршин суугчдын төлөөлөлд учир байдлаа мэдэгдсэн” гэв.

Резинэн сумтай бууг сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагч, прокурор, ХЗДХЯ-ны зөвшөөрлөөр зааврын дагуу хэрэглэдэг байна.

Мөн эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэг үйлдээд зугтсан иргэн Б-г тус дүүргийн 22-р байрны гаднаас олж илрүүлжээ. Тухайн иргэн хоёр гартаа хутга скочидсон байжээ.

Иргэн Б “бага насны хүүхэдтэйгээ уулзана” гэсэн шаардлага тавьсан аж. Уг шаардлагыг тухайн үед биелүүлэх боломжгүй байсан ба иргэн Б тавьсан шаардлагыг мөн биелүүлээгүйн улмаас хоёр цагийн хугацаатай хэлэлцээр хийсний эцэст цагдаагийн албан хаагч резинэн сумтай буу ашиглан таслан зогсоожээ.

Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан уг үйлдэл нь зайлшгүй шаардлагатай хуульд заасан үйлдэл хэмээн тайлбарлалаа. 

Уг иргэн өмнө нь ял эдэлж байсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хувь хүний нууц учир одоогоор мэдээлэх боломжгүй гэлээ.  

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу