Өнөөдөр (2023.08.08) тарваган тахал өвчний нэг тохиолдол нийслэлд бүртгэгдсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.

Тодруулбал, наймдугаар сарын 8-ны өдөр уг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлжээ. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлсэн байна. ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байгаа аж.

НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;  
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж  тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу