Улаанбаатар хотноо болох Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын бэлтгэл ажлын талаар зохион байгуулагчид өнөөдөр (2023.08.08) мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очир, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох нар оролцсон юм.

Энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулах юм. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болох уг их хурал нь “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд”, “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе”, “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз”, “Монголын гадаад ертөнц ба харилцаа”, “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарсан гэдгийг зохион байгуулагчид хэллээ. 

Тус хурлын нээлт энэ сарын 10-нд Төрийн ордонд болох ба доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдийг оролцуулж байгаа нь уг арга хэмжээний чансааг илтгэж буй хэрэг юм. Тодруулбал, АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны 307 эрдэмтний илтгэлийг хэлэлцэх ба анх урилга захиаг өнгөрөгч 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 36 улсын 650 гаруй монголч эрдэмтдэд түгээсэн байна.

Мөн энэ удаагийн их хурлаар монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. Энэ хүрээндээ залуу монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаач илтгэл тавих юм. 

 Олон улсын монголч эрдэмтдийн их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм хэмээн академич С.Чулуун онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу