Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан хоёр жилийн өмнө, хүүхдүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлддэг олон улсын бүлэглэлийнхнийг мөрдөн шалгаж байгаад амиа алджээ.

Дээрх хэргийн мөрөөр орсон мөрдөгчид хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдуулан 98 хүнийг баривчилж, энэхүү ажиллагааны үр дүнд 13 хүүхдийг авран хамгаалсан талаар АНУ, Австралийн эрх баригчид Мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв.

Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Австралийн Холбооны цагдаагийн газар (AFP) хамтран ажилласны үр дүнд АНУ-д 79 баривчилгаа явуулж, 65 яллах дүгнэлт үйлдэж, 43 хүнийг яллаж, Австралиас 19 эрэгтэйг баривчилсан байна.

CNN агентлаг өмнө нь Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан 2021 онд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой материалууд хадгалж байж болзошгүй компьютерийн программистыг эрэн сурвалжилж байгаад буудуулж амиа алдсан талаар мэдээлж байжээ.

Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан

Австралийн Холбооны цагдаагийн газрын командлагч Хелен Шнайдер тус гэмт бүлэглэл сүлжээ байдлаар, 10 жилийн турш хүүхдүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсныг тогтоосныг дурдаж, “Зарим хүүхдүүд баривчлагдсан эрчүүдийг таньж байсан” талаар хэлээд, нэмж тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Холбооны мөрдөх товчооноос “Гэмт этгээдүүд Австралийн цахим хуудсуудаар хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн материалуудыг дамжуулж, хуваалцдаг байж болзошгүй” гэсэн мэдээлэл авснаар Австралийн цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа 2022 онд эхэлжээ.

Канберра дахь Холбооны мөрдөх товчооны хуулийн атташе Нитиана Манн Мягмар гарагт сэтгүүлчдэд “Энэ ажиллагаа үнэхээр амаргүй байлаа. Платформуудын нарийн төвөгтэй байдал, нэрийн нууцлал зэрэг нь дээрх аюул заналхийллийн эсрэг ямар ч агентлаг, эсвэл нэг улс дангаараа тэмцэж чадахгүйг харуулсан гэсэн үг” гэж мэдэгдсэн байна.

Австралийн гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь мэдээллийн технологийн өндөр ур чадвар шаардсан ажил эрхэлдэг байсан талаар цагдаа нар мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, сүлжээний гишүүд “файлуудыг нэрээ нууцлан хуваалцах, чатлах, сүлжээн дэх вэб сайтууд руу нэвтрэх программ хангамж” ашиглаж, шифрлэлт болон “хууль сахиулах байгууллагын илрүүлэлтээс зайлсхийх бусад арга”-уудыг ашиглаж байсан аж.

Шнайдер “Хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн хүчирхийллийн материалуудыг үзэх, түгээх, үйлдвэрлэх нь маш ноцтой гэмт хэрэг бөгөөд энэ сүлжээг илрүүлэхийн тулд маш урт хугацаа зарцуулсан бөгөөд хэр аюултай болохыг эндээс харж болно” гэж хэлжээ.

Манн “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийг шуурхай илрүүлэхгүй байх тусам хүчирхийллийн мөчлөг уртасна гэсэн үг. Цаашид ч баривчилгаа хийхийг үгүйсгэх аргагүй.

Хамтарсан ажиллагааны үр дүнд олон улсын 200 гаруй албан хаагчийг түнш орнууд руу илгээж, 300 гаруй мөрдөн байцаалт явуулсан” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу