НОК-ын Шуурхай штаб үерийн гамшиг болсноос хойш гурав дахь хоногтоо хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил хийж байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 1056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 2888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан. Өнөөдөр үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3942 тонн лаг шаврыг 153 рейсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рейсээр цэвэрлэсэн.

Мөн нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа. Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байна. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рейсээр 6191 шоо метр дайрга ачиж зөөлөө” гэв.

Тэд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, айлын хашаа, нийтийн эзэмшлийн 440 мянган ам метр зам талбайд ариутгал, халдваргүйтэл хийжээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 22 өрх байгаа бөгөөд тоо нь нэмэгдэж буйг хэлж байлаа.

Түр байранд 50 орчим иргэн бий. Монголын улаан загалмай нийгэмлэгээс иргэдэд сэтгүүл зүйн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөн, хоол хүнсээр хангаж, 360 гаруй өрхөд иргэдийн өгсөн хандив, тусламжийг хуваарилж, олгох ажлыг зохион байгуулжээ. Мөн бичиг баримт дутуу, бичиг баримтгүй, автомашин нь үерийн усанд урссан иргэдийн тодорхойлолтыг Ажлын хэсэг газар дээр нь олгож буй юм байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу