“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон. Энэ үеэр гадаадын 3000 гаруй жуулчин ирж, наадмын хөтөлбөрийг үзэж сонирхсон юм. Наадмын хөтөлбөр, тоглолтоос гадна иргэдийн эрхэлж буй худалдаа, үйлчилгээ анхаарал татахуйц байсныг товчхон тэмдэглэе. 

Өглөөний 08.00 цагт “Хүй долоон худаг”-ийг зоривол наадмын замд түгжрэл хэдийнэ эхэлсэн байлаа. Наадмын бөмбөгөр цагаан театр харагдаж эхлэхтэй зэрэгцээд л замын хажуугаар айраг, хуушуур зарсан машинууд эгнэж байв. Жуулчдын автобус болон бага оврын унаа ч мөн түгжрэлд зугуухан урагшилсаар зогсоол руу орно.

Машин байтугай хүн нь ч багтахгүй байна уу гэмээр хөл хөдөлгөөнтэй, хөндий дүүрэн дуу хуур эгшиглэнэ. Жуулчдын нүдэнд морь, тэмээ, бүргэд, нум сум, айраг, хуушуур бүгд сонирхолтой харагдаж байсан биз.

Эрээн мяраан гэхээсээ илүү энгийн бор дээлээ өмссөн малчид айраг зарж, морь унуулна. Номхон морь унаад, нэг их холгүй тойроод ирэхэд 5000 төгрөг, тэмээгээр тойроход 10000 төгрөг. Малчдын хувьд чамлахааргүй бизнес. 

Цам харайх ёслол болон бөхийн барилдаан болох төв талбай нийтийн зогсоолоос даруй 1 км зайтай тул наадамчин олон зам даган дээш алхана. Энэ зуурт нийслэлийн тээврийн газраас явуулж буй “Эко автобус” үнэгүй үйлчилгээ үзүүлж байв. Жуулчид ч ам сайтай байх бөгөөд маасайтал инээн, зураг дарсаар өнгөрнө.

“Хүй долоон худаг”-ийн төв талбайд худалдаа эрхлэх иргэдийг зохион байгуулалттайгаар 40 гаруй асарт байрлуулан, үндэсний үйлдвэрлэлийг сурталчилна. Харин энэ хүртэлх зам дагуу болон бөмбөгөр цагаан театрын эргэн тойронд төдийлөн зохион байгуулалт харагдахгүй байлаа.

Хаа сайгүй шаар хагалах, “аз, ёндоо үзэх” тоглоом сонжоо байх. Бас машиныхаа арын хаалгыг онгойлгон, дээр нь дэлгэсэн төрөл бүрийн бараа Нарантуул захад яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Замын хажууд нарны шил зарж, хажууд нь ундааны сав руу цагариг шидэж оруулаад, мөнгө хожоорой гэх тоглоом байна. Энэ бүхэн чухамдаа хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд туйлын хачирхалтай санагдаж, оролдоод үзмээр бодогдож болох. Гэлээ ч дотоод, гадаадын жуулчдад наадмын талбай хүртэлх зам “зах” шиг л санагдсан болов уу.

Тоглоом, сонжоо ч яах вэ, дүүрч. Сэргэлэндээ тийм зүйл зохиогоод, хэн нэгнийг холгож, жаахан ашиг олж байж болох л юм. Гэхдээ “Өв соёлын” гэх тодотголтой наадмынхаа үеэр машинаасаа өмд, гутал зарж зогсоог харахад жаахан нүүр улайм. Шүхэр, майхан, сандал, чийдэн, ахуйн бараа, хүүхдийн тоглоом гээд “байхгүй юм” л энд байхгүй байлаа.

Цам харайх ёслол өдрийн хагаст шахам үргэлжилж, зарим уйдсан нэг нь хоолны асар зорино. Хоол хүнсний машин тэргүүд ч чухам гудамж үүсгэн арай дэг сайтай. Цугласан олны хөл хөдөлгөөний ихийг хэлэх үү, хаа сайгүй алхалсан хүмүүс.

Зогсоолоос театр, театраас талбай руу алхаж, замдаа таарсан бүхнийгг сонжиж, өлсвөл сууж хуушуур, шорлог, хорхог идээд, цааш хөдөлнө. Үнэндээ наадам ийм л болдог. Монголчууд бидний наадам зохион байгуулах түвшин нэг иймэрхүү.

May be an image of 3 people, pants and text

Яг үндсэн дотоод талбайн дэг, засал бол “супер”. Түүнээс гаднах зогсоол, талбай тэр чигтээ Эрээний тоглоом, гутал хувцсаар дүүрдэг.

Жуулчид морь унаж зургаа татуулаад, айраг амсаж, малгай худалдаж авна. Тэгээд бөх үзэж, жаал суугаад, хорхог олж иднэ. Уурлаачид, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонирхоно. Харин зам дагуу хөл гишгэх, бөгс эргэх зайгүй суух худалдааг төдийлөн сонирхохгүйгээс гадна гайхан харж өнгөрнө.

2000-аад оны үед хүүхдийн баяр, үндэсний баяр наадмаар шоо шидэж, аз ёндоогоо үздэг байсан нь одоо ч хэвээрээ. Бас шаар хагалж чихмэл хожих чин хүсэл хэн бүхний дотор нуугдаастай.

3000 жуулчин ирсэн нэг өдөрт “зах”-ын дайтай бужигналдсан ард түмэн маань “сая” жуулчин ирэхэд дэлхийн хамгийн том худалдааны төв болох вий гэхээс халгана. Хамгийн том нь сайхан ч нөгөө л Эрээнээс ирсэн бараа байхаар сэтгэл гонсойх юм.

Ийнхүү хоёр өдөр шороо тоос, бороо хур, нар сартайгаа хамт худалдаа эрхэлсэн наадамчин олон маань намар дөхөнгүүт дахин урд хилийн зүг ганзага дүүргэхээр мордох биз ээ.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу