Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21, 27, 29 дүгээр хороодод есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг хороо тус бүрээр нь гаргажээ.

Дүүргийн Онцгой комиссоос гурван ажлын хэсэг байгуулж, наймдугаар сарын 08-ны 21 цагийн байдлаар 21, 27, 29 дүгээр хороодын үерт өртсөн өрхийн нөхцөл байдалтай танилцсан байна. Эдгээр  өрхөд 1430 иргэн байгаагаас,

  • Хүүхэд 609,
  • Ахмад настан 108,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 27 байгаа аж.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хэлтэс, Улаан загалмайн хороо, хорооны Засаг даргын ажлын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл орж ажилласан бөгөөд үерт автсан айл өрхүүдээс иргэний биеийн байдал болон эд хөрөнгийн нөхцөл, ам бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх зэргийг судалж үерийн дараах нөхцөл байдлын судалгаа хийлээ.

Судалгаа нь гэр оронгүй болсон өрхөд гэр олгох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хүнсний нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Мөн дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн тусламжийг шаардлагатай өрхүүдэд хүргүүлээд байна.

Дүүргийн түр байрлуулах байранд 18 иргэн байрласны найм нь хүүхэд, хоёр нь ахмад настан, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу